
Мягмар гарагт танилцуулсан Засгийн газрын мэдээллээр, 2025 онд Солонгос улс дахь гадаад иргэдийн эзлэх хувь анх удаа 4 хувиас давжээ. Гадаад иргэдийн тоо өссөн нь тус улсын иргэдийн тоо буурсныг нөхөж, нийт хүн амын тоог буурахаас сэргийлсэн байна.
Статистикийн байгууллагаас гаргасан жил тутмын хүн амын тооллогын дүнгээр, 2025 оны 11-р сарын байдлаар тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн тоо 2.11 саяд хүрч, өмнөх оноос 66 мянга буюу 3.2 хувиар өссөн байна.
Тэд Солонгос улсын нийт 51.82 сая хүн амын 4.1 хувийг бүрдүүлж байна. Тэдний эзлэх хувь 2021 онд 3.2 хувь, 2022 онд 3.4 хувь, 2023 онд 3.7 хувь, 2024 онд 3.9 хувь байсан бол ийнхүү тогтмол өссөөр иржээ. Эдгээр тоон үзүүлэлт нь Солонгос улсад гурван сараас дээш хугацаагаар оршин сууж буй, бүртгэлтэй гадаадын иргэдийг хамруулсан болно.
Солонгос иргэдийн тоо 54,000-аар буюу 0.1 хувиар буурч 49.71 саяд хүрсэн хэдий ч гадаадын иргэдийн тоо өссөн нь тус улсын нийт хүн амын тоог буурахаас сэргийлж чаджээ. Ингэснээр нийт хүн амын тоо өмнөх оныхоос 12,000-аар буюу 0.02 хувиар өссөн байна. Хүн амын тооллогын хэлтсийн дарга Кён Ын Сүк мэдээлэл хийх үеэрээ "Солонгос иргэдийн тоо буурсан ч гадаадын иргэдийн тоо өссөний дүнд нийт хүн амын тоо нэмэгдлээ.
Энэхүү өсөлтөд олон улсын оюутнууд болон ялангуяа хөдөө аж ахуй, загас агнуурын салбарын ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилго бүхий улирлын чанартай гадаад ажилчдын тоо нэмэгдсэн явдал голлон нөлөөлсөн" гэжээ. Мөн тус тооллогоор Солонгос улс "хэт хөгширсөн нийгэм" (super-aged society) болон шилжсэнийг баталгаажуулжээ. 65 ба түүнээс дээш насны хүмүүс нийт хүн амын 20.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх жилийн 19.5 хувиас өссөн үзүүлэлт бөгөөд анх удаа 20 хувийн босгыг давсан хэрэг юм.
Гадаад иргэдийн 89.3 хувь буюу 10 хүн тутмын бараг 9 нь хөдөлмөрийн насныхан байсан бол Солонгос улсын иргэдийн хувьд энэ үзүүлэлт 68.4 хувьтай байв.
Насны бүлгээр авч үзвэл, 30-аад насныхан гадаад иргэдийн дунд хамгийн их буюу 27.2 хувийг эзэлж байсан бол удаах байруудад 20-иод насныхан (25.5 хувь) болон 40-өөд насныхан (16.6 хувь) тус тус оржээ.
Иргэншлээр нь ангилбал, Хятад улсын иргэншилтэй солонгос гаралтай хүмүүс нийт гадаад иргэдийн 25.3 хувийг эзэлж, хамгийн том бүлгийг бүрдүүлж байлаа. Тэдний араас Вьетнам (15.1 хувь), Хятад (10.5 хувь), Тайланд (7.5 хувь) улсын иргэд удаалсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу