НИЙТЛЭЛОнцлох

Г.Дамдинням сайд аа, Токиогоос даруй ирж шатахуунаа базаа, нэмэгдүүл!

Хуваалцах:
Г.Дамдинням сайд аа, Токиогоос даруй ирж шатахуунаа базаа, нэмэгдүүл!

Буцах бэрд үнээ тугал нийлэх падгүй гэж эл доль болсон нэг үг байдаг. Манай төрийн сайдуудын үйлдэл, авирыг үзэхээр эл доль болсон энэ үг л үргэлж агуулга төгс нь мэдэгдээд байх. Уул уурхай, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням гэхэд Японы айлчлалаас хоцорчихож болно оо доо. Энд асуудал ямар байгааг ядахдаа хараад, салбарынхаа хоцрогдолтой ноцолдож баймаар. Ингээд яваад өгөхийг нь харахаар буцахаа, хариуцлага хүлээхээ мэдсэн хүн юм байлгүй дээ. Нийслэлд эхний цас энэ шөнө ороод хонолоо. Зэрэгцээд нийслэлийнхэн шатахуун түгээгүүр дээр хонож байна.

Энэ өвөл бол шатахуун улам улам хомсдох төлөвтэй нь хөхүүрийн ам цаашлаж байгаатай адил байгааг Г.Дамдинням үл ухаарч, буцах бэрийн хэнэггүй сэтгэл өвөрлөх нь гунигтай. Г.Дамдинням хоёр хөрш, Солонгост явж, додомдсон, түр аргацаасан шатахуун олж ирснээ их ажил хийсэн мэт бодож, эгээ л шатахуун импортлогч компанийн менежер мэт аяглаж, үүндээ цадах нь доогтой. Шатахуунтай байлгах нь хийх ёстой өчнөөн ажлуудынх нь нэг. Сүүлдээ үүнийг цор ганц ажлаа гэж санаад байх шиг байна. Тэгээд энэ ажлаа ч сайн хийхгүй шүү. Г.Дамдинням мэт сайдууд Монголын ард түмний амьдралын чанарыг хэтэрхий хямдруулж, туйлдуулж байна. Мэдээж, бид газрын тосны үйлдвэрээ барьж, ашиглаж эхлээгүйгээс хойш шатахууны гуйлга түүлгэтэй л байна. Хайгаад Г.Дамдинням ч тэнд давхих нь зүй ёсны. Энэ дайтай аргацааж, ингэж зохицуулж яваад нь Г.Дамдиннямд залбирах учиртай мэт ааш төрхийг үзүүлэх энэ сайдтаны ажил хэрэг, үйлдэлд тааруу үнэлгээ тавихаар зүйл бишгүй. Попроод л байдаг. “Авлига” нэртэй нэг хорооллыг бариулахгүй, болиулна гэж баахан дүвчигнэсэн. Одоо мөнхүү хороолол Монгол цэргийн нэгдсэн холбооны барьж байгаа байртай зэрэгцэн нэгэнт сүндэрлэжээ. 

Г.Дамдинням таг болсон, үнэхээр зарчмыг, шударга ёсыг сахиулагч мөнсөн бол эдүгээ ч тэмцэж байх ёстой биз. Г.Дамдиннямыг том болсон хүүхэдтэй юмаа гэсэн сэтгүүлчийн үгэнд хариу болгож “Манай эхнэрийн хүүхэд” гэж их доожоогүй, хүнийрхүү үг нэгэнтээ хэлж байв. Эхтэй нь ханилсан л бол үр хүүхэд бүр өөрийнх байх учиртай. Эцэг болсон хэн ч тэгж хэлэх ёстой. Монгол эр хүн бол харин ч өөрийн хүүхдээсээ дорд үзчихвий, илүү сэтгэл тавихгүй хэтийдэв гэж тийм хүүхдэдээ улам бүр илүү тэнүүн ханддаг ёс суртахуун, жудагтай л байдаг. Г.Дамдинням тэгж нэгэнтээ хүнийрхэн хэлсэн нь ёсгүй харагдаж байсан. Хүний үнэргүй санагдсан. Ер нь бол Г.Дамдинням шиг салхи маягийн эрд Дагвын Цахилгаан шиг хадам эцэг заяаж, тийм соён гийгүүлэгчийн хүргэн байна гэдэг завшаан юм шүү дээ. Аз юм. Г.Дамдинням Х.Ганхуяг нар анх УИХ-д орж ирүүтээ л 33 тэрбумын асуудалтай холбогдож, эрх ашиг, амин үзлийн сонирхолтой нь хэдийнэ танигдсан хүн л дээ. Энэ хоёр хүн уул уурхайн машин механизм, түүгээрээ түрий барьж, уурхайт эдийн засгийн салбарынхантай сонирхол, эрх ашиг түрсэн нь нэгэнт ойлгогдсон улс. Г.Ганхуяг нь тун саяхан өнөөдөр УИХ тарах ёстой гэж мэдэгдээд, маргааш тарах хэрэггүй боллоо гэх жишээний л холбирч байгаа юм. 

Ийм холбиромтгой эрс сайд хийгээд, дээш ахиад байхаар л Монголын төрийн нэр хүнд хямдарч, үнэгүйдээд байгаа нь ил. Монголын уул уурхайд л хөрөнгө оруулалт арай дөт орж ирдэг. Г.Дамдинням гэдэг сайд уул уурхайнхныг хяхан боогдуулж байгаа юм биш биз, үүнийг тойрсон эрх ашгийн сонирхлууд нь далд том хүчин, тохироон дээр өдлөөд, бусдыг хохироогоод байгаа юм биш биз гэдэг нэг тийм уур амьсгал, яриа хөөрөө ханхийх маягтай болсныг эх сурвалжууд удаа дараа хэлж байгаа юм. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн ч эрж, хайх мөшгөлтэй болсон шиг билээ. 

Г.Дамдинням хэрвээ ийм чиг аястай, сонирхолтой байгаа бол энэ нь хардаг, хянадагийнхны нь уурга хуйванд нэг л өдөр багтах тун магадтай. Г.Дамдинням сайд аа, Токиогоос даруй ирж шатахуунаа базаа, нэмэгдүүл. Айлчлалд сэвж явахад тань ард иргэд гадаа шатахууны түгээгүүрт хонох нь хэт даажинтай байна. Тохуутай байна. Зундаа хонож тэсээд байсан бол одоо цас орчихлоо. Ядаж ард түмнийхээ санаа сэтгэл рүү энэ мэт үйлдлээрээ битгий хүнийрх л дээ. Ерөнхий сайд Н.Учрал ажлаа эс хийгч хэнийг ч гэсгээхэд бэлэн гэсэн. Г.Дамдинням бол гэсгээх хүний эхэнд үргэлж л байгаад байгаа шүү дээ. Балга бензинээс балга бензиний хооронд амь дүүжлээд л ард иргэд чинь нэг юм яваад байгаа болохоос.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
3Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих