НИЙТЛЭЛОнцлох

Б.Энхбаярын сагсайлт ба С.Баярцогтын үг

Хуваалцах:
Б.Энхбаярын сагсайлт ба С.Баярцогтын үг

Баттөмөрийн Энхбаяр бол яг л ингэж гаршаад байгаа хүн дээ. Ер хаана ч мэдээллийн төөрөгдүүлэлт, холион хийнэ. Няцаахын тулд юм юм хийнэ. Эсрэг дайрна, инээнэ, зохиомжлоно, жүжиг хийнэ. Ордны хонгилд ч, бүр Үндсэн Хуулийн Цэц дээр ч очихдоо ийм авир төрх үзүүлнэ.

Өчигдөр гишүүн Г.Лувсанжамцын асуултад хариулж байна гээд яг энэ аргаа хэрэглэн дайрч, “Чи хэн юм” гэж агсараад, залгуулаад хэлэлцэж буй асуудалтай огт холбоогүйгээр “Чи тэр Чингэлтэйд хэрэгжүүлсэн төслөө ярь” гэж бөөлөөд гарч одож байгаа харагдана. Засгийн хэрэг эрхлэхийн дарга Засгийн ёс зүйг ингэж харагдуулж байна. Нэгэнтээ Б.Энхбаярын могдорлоод байдаг хуучин кадр Ц.Нямдорж ХХБ-ын захирлыг “О.Орхон мөн том байна аа” гэж хэлж асан шиг Б.Энхбаяр үнэхээр том байна аа.

Ардчилсан намын генсек , хуучин бууны хугархай С.Баярцогт өчигдөр “Ерөнхий сайд Н.Учрал зохисгүй, чадваргүй сайдуудаа огцруулах хэрэгтэй байна. АН удаа дараа шаардлага тавьсаныг ойлгож, хэрэгжүүлэх хэрэгтэй. Засгийг огцруулах үндэслэлт бичгийг үйлдсэн дөчин гишүүний бичиг бэлэн байна. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж үүнийг албажуулах болно” гэсэн учиг агуулгатай үгийг хэлээтэхлээ.

С.Баярцогт бол улс төрд хэрэгжих, “явах” төлөв тодорхой, тийм үндэслэлтэй, биежих зүйлийг л ярих хэмжээнд нэгмөсөн төлөвшсөн улс төрч. С.Баярцогтоос, тэр тусмаа АН-ын генсекээс ийм үг гарнаа гэдэг бол Засагт бодит сануулга өгч, “ярьсан хэлсэнийг биелүүл” гэх ,тулгалт болох нь эргэлзээгүй. Уг нь С.Баярцогт Засгийг, өнөөгийн улс төрийг тогтвортой байлгах “дээд эхт ,эцэгт том хүчин бүлэглэл” талд шиг байгаа тоглогч.  Гэвч ийм үгийг хэлээтэхлээ. “Дээд эхт, эцэгт том хүчин бүлэглэл”-ээс түүнээр хэлүүлж ч байх талтайгаар харагдах. Энэ бол үр дүн хүссэн, бодит үйлдэл болгохыг тулгаж байгаа явдал.

Б.Энхбаярын дээрх мэт томорхол, хууль хүчнийхний байнгын сэлгүүлэл, тоглол, хэт авирлал,  Г.Дамдиннямын тулсан асуудлаа аргацаах, ард түмнийхээ гаслал дээр тоглон могдорлох,  шатахуун хомсдолтой “түгээгч” зэрэг байдал л чухамдаа Засгийн газрын нэр хүнд, ерөнхий төлвийг нэн таагүй харагдуулж байгааг Засгийн тэргүүн ойлгож бодох нь зөвдөх болов уу. АН анхнаасаа Д.Батлут гэдэг сайдын асуудлыг тавьсан. Т.Аубакир сайдыг угсаа хэлхээндээ сайн үлгэр төлөв үзүүлэхгүй, үлгэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч мөн нэгэнтээ Баян-Өлгий, Улаанбаатарт “дайлж” хийсэн яриа хөөрөө, зарлиглалаараа сануулан тунхаглачихсан. Л.Энх-Амгалан гэж бачит хүн байна. Ерөнхий сайдаа түлээд л байгаа.   

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хамгаалж, бүрэн бүтэн байдлаа хадгалахыг эрмэлзэхийг буруутгах аргагүй. Гэхдээ одоо бол бодох хэрэгтэй болсон мэт. Засгийг анх байгуулахад л, түүний өөрийн бодсоноор болоогүй. Нийгэм бүтцэд нь талархалтай тун байж чадаагүй. Сайдуудын нь саарлаас үүдээд, авир төрх, үйл хэрэг, ёс зүйн байдлууд нь Ерөнхий сайдын чадамжийг хэлтлээд байгааг Ерөнхий сайд Н.Учрал соёрхон бодож, шинэ чиглэлд мэтгэх нь зөв болов уу даа. Нийгэм, жагсаал цуглаан, бухимдал бүр гаарах төлөвтэй. С.Баярцогтын үгэн дотор  “хэрэв МАН одоо Засгаа унагаавал дахин Засаг бүтээж чадахгүй. АН засаглахаас аргагүй болно” гэдэг үг байгаад байв уу. Тэр энэ үгийг үнэхээр ингээд хэлээтэхсэн бол “углуургаа” бүрэн харсан л байх.

Ганган хүнд гархи нэмэр гэж үг байдаг. Чимэг болж чадахгүй, үйлс, чадамжаараа Засгаа гоёх нь битгий хэл унагаад байгаа сайдуудаа Ерөнхий сайд Н.Учрал зөөлхөн газардуулж шинэ сэлгээ хийх замаар арга сэдэх цаг үнэхээр тулгагджээ. Энэ арга туршлагаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар баялаг улс төр хийж байсан даа.

Б.ЗОЛБАЯР  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих