
Шувуу хүртэл буруу дэвээд гээд нэг байдаг. Бүх юмны хэмжээ алдагдахад ингэж хэлэгддэг, ингэж шогшрохоос аргагүй болдог. Монгол улсад маань ойрдоо юм юмны хэмжээ алдагдаж байх шиг ээ.
Найруулагч Б.Баатарыг барьж хорьсон дуулиан улсаар нэг юм болов. Б.Баатарт найруулагчийн сайн ур чадвар байдаг ч бас саар зүйл байдаг. Монгол тулгатаны зуун эрхэм зэрэг сайн сайхан бүтээлүүд нь байдаг ч улс төрийн пи арын агуулга байдал нь хэтийдээд л байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү хэт онилж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэгдэх хүмүүсээр суртал хийх зэрэг нь үнэхээр л бишдээд байсан. Ер нь тэгээд авьяастаа эрдээд, өөрөөс нь өөр чадагч байхгүй маягийн авир төрх үзүүлэх болсныг нийгэм гадарлах. Нийгмийн оюун санаанд аятай бүтээл туурвилаа барих ч түүнээсээ үл дутах сайнгүй асуудлуудыг тарьсан нь үнэн юм.
Монголын төрийг ойрын жилүүдэд Хэнтийн улстөрчид өнгөлж байгаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Н.Учрал гээд Ерөнхий сайдууд, Ерөнхийлөгч, хотын дарга, сайдыг хийлээ, хийж ч байна. Гэтэл энэ нэг аймгийн чиг угшилтай хүмүүсийн толхион улам бүр гаарсаар. Х.Нямбаатар нь Канадаас баахан зүйл бичдэг. У.Хүрэлсүхийн залгамжлалаа болгож байсан Л.Оюун-Эрдэнэ тэр хоёрын үүсгэсэн зодоон цохион хурцдаад, эдүгээ нэг бай нь Б.Баатар болоод түгжигдлээ. Бродвейд жүжгээ тавих гэж байгаа Б.Баатараа ингээд хорьчихож байгааг сайн зүйл гэж үзэмгүй. Хэнтий нутгийн том улстөрчид одоо жаахан юм бодоцгоосон нь зөв байх аа. Нэг аймгийнхны энэ толхион нь Монголын асуудал болж эмгэгших явцыг эрүүл ухаантай хүн ер таатайгаар харах үндэсгүй юм.
Эвлэж нэгддэг, учраа олдог ухаан оюун санаа байх ёстой. Хууль ёсонд хамаатах асуудлууд байгаа байх. Гэхдээ л энэ улсад жаахан зөв хандлага, эв найрамдлын асуудлыг одоо голлохгүй бол тун болшгүй байна даа. Дөрөвдүгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “хүүхэд шарж идсэн” гэдэг улиглал төрийн ордонд боллоо. Энэ нь ард түмний эв нэгдэлд ямар хортой, уураг тархи цөвтөөсөн явдал болж байгааг улстөрчид ухаараасай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувийн эдлэн гээд нэг байшин гараад ирсэн, тэрийг гаргаж тавьсан эмэгтэйг Ерөнхийлөгчийнхнийг шантаажилсан гэж Хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэж байна. Эх зах үгүй болсон, мөнөөх бүх юмны хэм хэмжээ алдагдсаан гэдэг чинь чухам энэ болж байна. Ерөнхийлөгчид тийм ордон хот үгүй бол тийм зүйл байхгүй ээ гэдгээ л мэдэгдчихэд болмоор.
Дээр нь энэ намаржин баавгайн асуудал яригдсан ч, дорвитой түргэн арга хэмжээ авахгүй байсаар одоо хүн бариулж амиа алдсан тохиолдол гарч байна. Чухам энэ бүхэн манай оюун санаа, ажил хэргийн уналтын тод илэрхийлэл. Бид чинь улс оронтой, төртэй засагтай улс байна даа, жаахан учиртайхан байхгүй бол ертөнцийн шившиг л болоод байна бус уу. Монгол гэж айл гэрийн нэр хүнд гэж бий. Их түүх бий. Улам бүр хариуцлагатай байхыг энэ дэлхийн алхаа, өөрчлөлт биднээс шаардаж байгаа шүү дээ. Тиймээс төр улсаа бодож, бодит өөрчлөлт, оюун санааны ахицаар урагшлахыг хаана хаанаа ажил хэрэг болгомоор байна. Хэнтий нутгийн том дарга нар баавгай сандаах мэт байдлаа өөрчлөөсэй гэж эрхгүй хэлмээр болж байна.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу