Босоо Ганбаа ОНТРЭ дээр хиншүү гаргагтун!

Хуваалцах:
Босоо Ганбаа ОНТРЭ дээр хиншүү гаргагтун!

Оюу толгойг Монголд хамгийн их ярьсан хүн бол Сайнхүүгийн Ганбаатар. Өлсгөлөн зарлаж ярьсан, ятгаж ярьсан, доромжлуулж ярьсан, дээрэлхүүлж ярьсан, шалгуулж ярьсан, шаналгуулж ярьсан, ярьсаар байгаа, ярих ч биз, ярьсаар байна биз.

Оюу толгойн үзэл сурталчид С.Ганбаатарыг адгийн болгох гэж бүх үед цаг үед үзсэн, үзсээр ч байх биз. Харин С.Ганбаатарыг ард түмэн гурвантаа сонгож УИХ-д илгээсэн. С.Ганбаатар УИХ-д гарах бүртээ нэн амаргүй, асар хэцүү зам туулж байж, ганцаардсан, тэмцсэн “чонын очоор” нэг юм сонгогдоод байдаг.  Монголын зон олон түүний тэмцлийг ойлгодоггүйсэн  бол их эрт тээрэмдэгдэж мэдэх эгзэгтэй үеүдийг туулж явж ирсэн улстөрч бол Сайнхүүгийн Ганбаатар. Эргэлзээгүй дэмжигч, тууштай дагагчийг хүртэл эргэлзтэл үзэл сурталчид ажилласан боловч цагийн саалтаар, үнэний мөрөөр Оюу толгой дээр Монголын эрх ашгийг хохироосныг нотолсоор байна. Энэ компани дахь шулан дээрэмдэлтийг ард түмэн ойлгосоор, тэмцсээр, бага багаар зөв тийш нь залсаар байгаа нь сайшаалтай. Үүний төлөө л С.Ганбаатар тэмцэж ирсэн. Үргэлж ихэс дээдсийн занаанд байж, шүдэнд орсон хог мэт ад үзэгдсэн ч цагийн түүх Сайнхүүгийн Ганбаатарыг сайн биш гэхэд саар нэгэн огт байгаагүйг бичээд үлдээх нь тодорхой болжээ. С.Ганбаатар бол нэг их баатар болох гээд байдаг хүн биш. Зүгээр л, шударга бустай эвлэрдэггүй, тонолого дээрмийг хүлээн зөвшөөрдөггүй л хүн.

Хариуд нь тэрбээр хиншүү хэмээх хочтой болсон. Доромжилж өгсөн хоч байх. Үнэндээ бол хиншүү гэдэг чинь муу юм биш. Тамирдсаныг сэхээхэд, хий хуй дарахад, шинэ цагийн бэлгэ дуудахад үйлддэг үйл. Битүүний өдөр хиншүү гаргаж жилээ угтдаг ард түмэн монголчууд. Босоо Ганбаа ч гэдэг. Босоогоороо үг хэлээд байдаг хүн л дээ. Монголын ард түмний оюун санаанд тэмцэгч чанараараа босоо хадагдсан барга баатар, манлай ван Дамдинсүрэн, Ард Аюуш хоёрын үйлс замналд тэр түүх нэгтэй болж үлдэх байх аа. 

Босоо Ганбаа одоо нэг хиншүү ханхлуулмаар байна. Энэ бол аанай л Монголын ард түмний эрх ашгийн тусын тулд юм. ОНТРЭ гэдэг компани Оюу толгойтой сиам. Энэ компани Оюу толгойн бүлэг ордын Жавхлант, Шивээ толгой хэмээх хоёр өрмийг хэрхэн яаж “хүртэх” гээд байна. Маш тодорхойгүй байсаар байна. УИХ-ын 120-р тогтоолоор бол ОНТРЭ-тэй монголчууд шинээр гэрээ байгуулах ёстой, Монголын эрх ашгийг хангах ёстой байгаа. Эс тэгвэл лицензийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах эрх монголчуудад байгаа. Гэтэл ОНТРЭ компани татвар төлсөн болоод явчихлаа. Энэ нь Оюу толгой компанид мөнөөх Шивээ толгой, Жавхлантыг шилжүүлэх замаа засч, Монголын талтай тооцоо нийлж байгаа төлөлт. Чингэтэл, ОНТРЭ-г монголчууд Оюу толгойн замаар явуулахгүй гэж хуульчлаад байдаг.

Монголын татварын дарга Б.Цогтнаран “Татварын бодолт бид хийж өгөөгүй” гэдэг.  Гэтэл 24 тэрбумыг ОНТРЭ-гээс шилжүүлчихсэн гэдэг нь татварынхны бодолттой дүйгээд байна. Гэтэл одоо төлбөрийн даалгавар гараад ирлээ. Гүйлгээний утга дээр нь дугаар бүхий. Дугаар гэдэг бол манай улсын татварынхны нэхэмжлэлийн дугаар гэсэн үг. Төлбөрийн зориулалт дээр нь биччихсэн.

За, үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, ерөөс энэ ОНТРЭ-г тойрсон лоосуу байгаад байна. Хуйвалдаан байгаад байна. Маш том хулгай ч байх шиг байна. Нэг хэсэг улстөрч л гарч ирэхвий дээ. ОНТРЭ мөн Оюу толгойн жишгээр нохойн замаар орох нь шиг болоод явчихлаа гэдэг харыг Монголын ард түмэнд өгч, өдүүлж байна, болоод байгаа үйл явцын үнэр. Чухам энэ учир Оюу толгойн башрыг, шулалтыг, санаа цаашааг, идэмхийг хамгийн их мэдэх хүний хувьд УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар та асуудлын угийг олж, ард түмэндээ мэдээлэх шаардлагатай байна аа. Үүний тулд босоо Ганбаа гишүүн  ард түмнийхээ, эх орныхоо эрх ашгийн төлөө “хиншүү гаргаж”, ОНТРЭ-г тойрсон асуудлыг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний хувиар  нэг мөр эцэслэн шалгах хэрэгтэй байна. ОНТРЭ гэдэг шамшигдууллын “мангас” Монголын улс төрийн эх адаггүй тоосон дунд нэгэнт босчихоод, Монголыг дахин сорох ажлыг Оюу толгойнхонтой хийгээд байгаа юм биш үү.

 

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих