
Иргэд банк болон ББСБ-аас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг. Ингэснээр чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд багтаж, дахин зээл авах боломжийг нь хязгаарладаг билээ. Үүнийг иргэд хар жагсаалтад орлоо гэж ярьдаг. Тэгвэл энэ жил Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож буйн хүрээнд Монголбанкнаас хар жагсаалтын санд өөрчлөлт хийхээр болсон. Тодруулбал, зээлээ хугацаанд төлж чадаагүй ч тухайн төлбөр, зээлээ тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулсан бол чанаргүй, эргэлзээтэй, муу зээлийн ангилалтай иргэдийн мэдээллийг шинэчлэхээр болсон билээ.
Энэхүү шийдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж зургаадугаар сарын 2-ны дотор багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг олгосон.
Тус шийдвэрийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. Ингэхдээ эхний ээлжид 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ангилагдсан, муу зээлийн ангилалтай ч зээл, өр төлбөрийн үлдэгдэлгүй бүх зээлийг хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх тохиргоог хийжээ. Үүнд 127,761 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг хамруулсан байна. Харин шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дахь үе шат буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан 27,554 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх тохиргоог хийсэн аж.
Ингэснээр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж, нийт 155,315 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу