
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт энэхүү албан тушаалд нэр нь яригдаж байх үед "Хэрвээ би Монголбанкны Ерөнхийлөгч болбол эн тэргүүнд ахмадуудынхаа төлөө шийдвэр гаргахаас ажлаа эхлүүлнэ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад анхаарч, хугацааг уртасгахыг судална" хэмээн ам алдаж байсан. Гэвч тэрбээр томилгоог УИХ-аар хэлэлцэж байхад "Сошиалд хөтлөгдөж ажлаа хийхгүй" хэмээн эргэж буцсан. Хүссэн албан тушаал дээрээ очсон тэрбээр өнөөдөр таг чиг, дүлий дүмбэ оргин сууна. Ахмадуудын хүсэн хүлээж буй шийдвэрийг гаргуулна, тэдний төлөө хэмээн саймширч суусан С.Наранцогтын шүлс ч хатаагүй байхад ахмадуудын эсэргүүцэл улам ширүүсч, Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах хүртэл тэмцэхээ илэрхийлээд байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн намд хөтлөгдөн ажлаа хийдэг гэх шүүмжлэлд өртсөөр ажлаа өгсөн. Энэ удаагийнх ч түүнээс огт дээрдэхгүй харин ч улам дордуулах бололтой. С.Наранцогтын хэн бэ гэдгийг түүний эргэж буцсан шийдвэр, хэлж ярьснаа үгүйсгэдэг туйлбаргүй зангаас нь харж болно.
Арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгосон нэр зүүсэн ч үнэн чанартаа хувь тогтоон түүнээсээ давхар давхар хүү тооцон авч байна. Худалдаа хөгжлийн банк гэхэд л 36 сарын тэтгэврийг 80:20 хувиар олгоно. Ахмадуудын гарт 20 хувийг үлдээх ёстой хэмээн тэднийг бодож байгаа мэт дүр эсгэвч үнэн чанартаа 36 сарын зээлээс 4-5 саяын хүүг урьдчилан авч, зээлдэгчийн гарт ганц, хоёр сая төгрөг очиж байх жишээтэй. Арилжааны банкууд тоогоор тоглон, ахмадуудаар тохуурхахын дээр батлан даагч гэх хатуу шаардлага босго тавьж, мөнгө хүүлж суухад хүссэн албан тушаал дээрээ очсон С.Наранцогт жишим ч үгүй амиа хоохойлон сууна. Түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан тул огцруулах асуудлыг хөндсөн нь зөв гарц бололтой. Удахгүй уламжлалт Сар шинийн баяр тохионо. Ахмадууд энэ л баяраа сэтгэл дүүрэн өнгөрүүлэхийн тулд тэтгэврээ зээлэхээс аргагүйд хүрдэг нь нууц биш. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд дэндүү шунаж, улайран байж санасандаа хүрч сэтгэл нь ханасан С.Наранцогт зөөлөн суудалд тамшаалж суухад хөөрхий ахмадууд хөр хүйтэнд банкны үүд сахин царайчилж сууна.




