НИЙТЛЭЛОнцлох

“Хонгилоор” л биш бол Х.Нямбаатар дийлдэхгүйгээ мэдээд байна

Хуваалцах:
“Хонгилоор” л биш бол Х.Нямбаатар дийлдэхгүйгээ мэдээд байна

Ардын намын хагарлыг дэврээж байгаа буруутнаар нэг л хүнийг нэг хэсэг улс нэрлээд байгаа. Тэр бол Ерөнхий нарийн бичгийн дарга Янгугийн Содбаатар. Я.Содбаатар хагарлыг хийгээд байна. Буруу зөрүү мэдээллийг хийгээд байна, дамжуулаад байна гэдэг үг маш давтагдмал болсон. Я.Содбаатартай нэг нутгийн Д.Сумъяабазар аварга энэ үгийг давтагсдын нэг боллоо. Нийслэлийн намын хорооны хурал дээр ингэж хэлсэнийг нь нийтэд их зарлалаа, зарлууллаа.

Өмнө нь ийм агуулгатай үгийг Д.Амарбаясгалан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар хэлж байсан нь урьдын юм биш, тун саяхных. Тэгэхээр Ардын намын өнөөдрийн хагарал цуурлын автори нь яах аргагүй л Я.Содбаатар бололтой. Я.Содбаатар бол төрийн өндөр албан тушаалуудыг хүүхэд байхаасаа ээлж дараалан хашсан хүн. Үйлдвэр худалдааны дэд сайдаас эхлээд, УИХ-ын гишүүн, сайд,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын Шадар сайд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын дарга байж байгаад Ардын намын генсек болсон.  Ардын нам өнөөдрийнх шиг ийм хагаралтай байсан он жил бараг байхгүй.

Яг таг л нэгдмэл байдаг байсан. Бүх хурал хуйгаа хайрцаглаад хийчихдэг. Мэдээлэл ч гардаггүй тийм ягшмал нам байсан. Гэтэл өнөөдөр Монголын бүх авлига хулгай үүрлэсэн нам болж, эрх мэдлийн төлөөх “дайн” бүрт нэгнээ хайр найргүй хулгайчаар нь зарлан, хулгайг нь илрүүлэн мэдээлдэг нам болсон.

Гэвч нэгэндээ огт хариуцлага үл тооцож чаддаг ийм л нам болсон. Сүүлийн жишээ гэхэд, Нийслэлийн намын хорооны дарга болох гэж зүтгэсэн Э.Бат-Амгаланы явдал. Х.Нямбаатар нь өрсөлдөөд ав гэж хэлсээр сая намын хороогоо хуралдуулаад, бөхөө барилдуулчих боллоо. Х.Нямбаатартай шууд үзчих нь алга бололтой. Э.Бат-Амгалан лав “Тийм бодол үгүй” гэж зогсоно билээ. Үүнээс харахад Х.Нямбаатар нь одоодоо Нийслэлийн МАН-ын даргаа хийх ёстой хүн шиг байна. Гэтэл түүнийг тойруулаад “буудаад” байдаг.  Орлогч Т.Даваадалай гэгчийг баривчилж, гэрт нь нэгжлэг хийж. Нийслэлийн хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар гэгчийг 48 цаг саатуулаад сулласан мэдээтэй.

 Углуургаараа идтэй, идсэн уусан нь лавтайяа байсан бол суллахгүй байсан биз. АТГ, цагдаа, хүчнийхэн дээд улс төрийн хүчний харьцаа тэнцүү байхад бас яаж хөдлөхөө мэдэцгээдэг улс л даа. Ийм ийм Х.Нямбаатарыг тойрсон албан тушаалтнуудыг баривчлаад байгаа болохоор хотын дарга “Энэ үйлдлүүдээ болио. Тойруулж буудаж байхаар намайг л шалга” гээд хэлж байна. Энэ нь зөв юм л даа. Улс төрийн салхи үнэхээр нийслэлийнхнийг онилоод байгаа бол Х.Нямбаатараа л шалгах нь зөв. Нийслэл гэдэг чинь Х.Нямбаатар, түүний хийж байгаа, хийсэний илэрхийлэл нэгэнт болчихсон болохоор.  Х.Нямбаатар намайг шалга, гэхдээ бусдыг бүү хэлэмгдүүл гэж байна. Нэг үгээр хэлбэл, өөрийгөө буруутахгүй гэдгээ мэдэж байгаа хүний үг. Туулын замыг эсэргүүцэгсэд л гэж бас хэлсэн байна билээ. Тэгээд албан тушаалыг сэлгэхэд хурлаар, хонгилоор гэдэг хоёр арга зам үйлчилж байгааг хэлсэн байх юм. Хурлаар бол түүнээс ажлыг авч чадахгүй нь саяын Нийслэлийн МАН-ын хурлаар тодорхой болсон. Одоо харин хонгил нь үлдсэн шиг байна. Тэгэхээр Х.Нямбаатарыг хонгил л дийлж магадгүй юм байна. Бусдаар бол Х.Нямбаатар дийлдэхгүйгээ мэдээд “Намайг шалга” гэж хэлээд байгаа гэж ойлгогдож байна.

З.САЙНТӨГӨЛДӨР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2026-04-27 17:33:40

Туг мн зариг фокус бүгд Данх Нябаатрын бохир мөнгөний троллуд

Зочин
Сэтгэгдэл бичих