УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, П.Мөнхтулга, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, О.Алтангэрэл, Р.Сэддорж, Б.Түвшин, Р.Эрдэнэбүрэн нар Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулгадаа, Монгол Улсад арилжааны банкуудаас нийт 50 их наяд төгрөгийн зээл гарсны 29 их наяд төгрөгийг нь хэрэглээний буюу иргэдийн зээл эзэлж байна. Иргэд их хэмжээгээр зээл авч байгаа нь тэдний орлого хүрэлцэхгүй байгаатай холбоотой төдийгүй, зээлийн дундаж хүү 49.4 хувьтай, зарим үед 60 хувь буюу хэтэрхий өндөр байгааг онцолж байлаа.
Мөн Монгол Улсын хүн амын 95 хувь нь нийт хадгаламжийн таван хувийг эзэмшиж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, хүн амын таван хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. Энэ нь иргэдийн дийлэнх хэсэг мөнгө хүүлэгчдэд эд хөрөнгө, бүх орлогоо хүүлүүлж буй нөхцөл байдалд хүрээд буйг харуулж байна гэв. Хэт өндөр хүүтэй санхүүгийн мөлжлөгөөс иргэдээ хамгаалах нь чухал гэдгийг тэмдэглээд хуулийн төсөлд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах асуудлыг хөндөөгүй бөгөөд зээлийн хүүг тогтоохдоо Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулахад чиглүүлсэн гэв.
Түүнчлэн уг хуулийн төсөлд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл аваад банк бус санхүүгийн байгууллага, аппликэйшнээр өндөр хүүтэйгээр мөнгө хүүлэн, зориулалтын бусаар ашигладаг асуудлыг хориглох зохицуулалт тусгасныг тодотголоо.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд санхүүгийн зах зээлийн тавхан хувийг хөрөнгийн зах зээл эзэлж буйг төсөл санаачлагч гишүүн онцлоод, хуулийн төслийн үр дүнгээр хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэн 50 хувьд хүргэх зорилттой байгааг дуулгасан.
Хуулийн төслийг баталснаар зээлийн зах зээл дэх нийт бодит хүүгийн дээд хязгаарыг хуульчилж, банк болон банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөрөөр дамжуулан хэт өндөр ашиг хүртэх боломжийг хязгаарлана. Үүний үр дүнд зээлийн бодит өртөг буурч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал багасах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.






















































































