Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

Хуваалцах:
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогт санаачилсан бөгөөд Их Монгол Улсын түүхтэй холбоотой үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн талаарх бичмэл эх сурвалж, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжихээр тусгажээ. Мөн хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, "Монголын нууц товчоо", Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоон, эх хувь болон хуулбарыг Монгол Улсад авчрах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Түүнчлэн уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор онцгой албан татварын тодорхой хувиар сан байгуулах боломжийг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталсан бөгөөд энэ сарын 10-ны өдрөөс буюу Монгол бахархлын өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх