
БНСУ-ын Солонгосын Гадаад хэлний их сургууль (Hankuk University of Foreign Studies – HUFS)-ийн дэргэдэх “Academic Nomad” гарааны компани Монголын эзэнт гүрний түүхийг орчин үеийн хиймэл оюун ухааны технологитой хослуулсан “Heritage AI Cinema” төслийн анхны бүтээлээ үзэгчдэд хүргэж, нээлтээ хийлээ.
Ердөө найман минут үргэлжлэх энэхүү бүтээлд XIII зууны Торгоны замаар аялсан Венецийн худалдаачин, аялагч Марко Пологийн түүхийг өгүүлжээ. Тэрбээр Монголын эзэнт гүрний нийслэл Их Дайду хотод хүрч, Хубилай хааны ордонд алба хашиж байсан тухай түүхэн өгүүлэмжийг киноны үйл явдлын гол цөм болгон харуулсан байна.
Түүхэн үйл явдлыг богино хугацаанд үзэгчдэд хүргэхдээ тухайн үеийн орчин, дүр төрх, соёлын уур амьсгалыг хиймэл оюун ухаанд суурилсан дүрслэлийн технологийн тусламжтайгаар бүтээсэн нь төслийн онцлог болжээ.
“Heritage AI Cinema” нь түүхэн архив, судалгааны материалыг орчин үеийн генератив хиймэл оюун ухаантай хослуулан кино бүтээх шинэ арга барилыг туршиж буй төсөл юм. Ингэснээр уламжлалт кино үйлдвэрлэлийн өндөр зардал, урт хугацааны бүтээн байгуулалтын хэрэгцээг тодорхой хэмжээнд бууруулахын зэрэгцээ түүх, соёлын өвийг шинэ үеийн үзэгчдэд илүү сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилготой аж.
Төслийг HUFS-ийн Азийн болон Ойрхи Дорнод судлалын тэнхимийн судалгааны профессор И Сон А-гийн удирддаг “Academic Nomad” компани санаачлан хэрэгжүүлжээ. Харин тус их сургууль төслийг дэмжин ажиллаж, соёлын өвийг дижитал хэлбэрээр хадгалах, түүхэн агуулгыг залуу үеийнхэнд хүртээмжтэй байдлаар хүргэхэд хамтран оролцсон байна.
Бүтээлч багийн зүгээс Монголын эзэнт гүрний түүх болон Торгоны зам дагуух улс, үндэстнүүдийн соёлын харилцааг хиймэл оюун ухааны шинэ боломжуудтай хослуулан дэлхийн үзэгчдэд хүргэх нь түүх, соёлын өвийг дижитал контент болгон түгээх шинэ боломжийг нээж байна гэж үзэж байна.




