Баянзүрхчүүд эрт илрүүлэг, оношилгооны иж бүрэн төвтэй боллоо

Хуваалцах:
Баянзүрхчүүд эрт илрүүлэг, оношилгооны иж бүрэн төвтэй боллоо

Баянзүрх дүүрэгт бие даасан Оношилгоо, эмчилгээний төвийн шинэ барилга ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийсний дараа 2027 оны хоёрдугаар улирлаас иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөж байна.

Тус төвийн барилга болон үйл ажиллагааны бэлтгэл ажилтай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс нар танилцлаа. Энэ үеэр төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийг нийслэлийн төсөвт тусгах чиглэлээр санал солилцов.

Нийт 3,448 ам метр талбай бүхий тус төв нь жилд 30–40 мянган хүнд хүрч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд дүүргийн хүн амын тэргүүлэх өвчлөл, түүний шалтгаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх цогц үйлчилгээг үзүүлэх юм.

Эмнэлэгт суурилаагүй бие даасан бүтэцтэй гэдгээрээ онцлог бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийг оношийн дагуу дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, бүрэн эдгэрэх хүртэл нь хяналтад байлгах тогтолцоогоор ажиллана.

Тус төвд дараах тасаг, нэгж үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • Үйлчилгээний кабинет болон лаборатори
  • Компьютер томограф, дүрс оношилгооны хэсэг
  • Дурангийн өрөө
  • Сэргээн засах эмчилгээний тасаг
  • Яаралтай тусламжийн хэсэг болон эмийн сан

Ташрамд, энэхүү төв нь 2020 оноос хойш Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтад оруулж буй эрүүл мэндийн салбарын долоодахь барилга болж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх