
Улсын Их Хурлын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар таван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.Үүнд, Засгийн газраас 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм.
Энэхүү төсөл нь төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбоотой удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэх зорилготой.
Манай улсын хэмжээнд 2016-2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 2874 төсөл баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч тэдгээрийн 42.5 хувь буюу 1219 төслийн хугацаа сунгаж, төсөвт өртөг нэмэгдсэн.
Гурван төсөл тутмын нэг нь ийн удааширч, ашиглалтад орох хугацаа хойшилсныг тандан судлахад, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцан уялдаа муутай, олон хууль, тогтоол байгаагаас үүдэлтэй гэсэн дүн гарсан гэв.
Тиймээс найман бүлэг, 63 зүйл, 308 заалттай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтын зарчим, үе шат, ангилал, оролцогч байгууллагуудын чиг үүрэг, бүрэн эрх, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, өмчийн удирдлага, ашиглалт зэргийг иж бүрэн зохицуулахаар тусгалаа. Энэ нь Дэлхийн банкаас тодорхойлсон “Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах найман үе шат”-ыг хангах болно гэсэн юм.
Хөрөнгө оруулалтын бүх эх үүсвэрийг нэг замын зураглалд багтааж, санхүүгийн эх үүсвэр болон удирдлага, зохицуулалтыг нэгдмэл байлгахаар зохицуулжээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бүх төслийг
Энэхүү ангиллаас хамаарч, тухайн төслийн бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоолол, нийгмийн ач холбогдол, эрсдэлийн үнэлгээний шаардлагыг ялгавартай тооцдог болно. Хүнд суртал, дарамтыг багасгах нөхцөл бүрдэнэ.
Аливаа төслийг бодит хэрэгцээ, үр өгөөжөөр нь эрэмбэлж, дөрвөн шатны үнэлгээг бий болгож, тэдгээрийг давсан бол төсвийн төсөлд тусгадаг байх шалгуур тогтоохоор тусгасан гэж Сангийн сайд илтгэлээ. Бэлтгэл бүрэн хангагдаагүй төслийг төсөвт тусгадаг байдлыг таслан зогсоож, хязгаарлахаар төлөвлөсөн.
Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төсөвт хохирол учруулсан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зохицуулалтыг тусгасан тухай танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлагын эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, төслийг хэрэгцээ, шаардлагын дагуу төлөвлөн хэрэгжүүлж, цаг хугацаа, төсөвт өртгийн хүндрэл, чирэгдэлгүйгээр ашиглалтад оруулдаг болох нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.
Энэхүү төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн ажээ.
Төслийг дэмжих эсэхээр Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл байр суурь илэрхийлэхдээ, төслийн менежмент, үнэлгээний нэгдсэн аргачлалыг олон улсын стандартын дагуу бий болгож, дэлхийтэй хөл зэрэгцэх, төслийн удирдлагын мэргэжлийн нэгжийг байгуулах шаардлагатайг онцлов.
Эх сурвалж: parliament.mn




