Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян улс орон даяар өрнөж байна

Хуваалцах:
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян улс орон даяар өрнөж байна

Улс орон даяар өрнөж буй “Хүүхдийн төлөө –Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” нөлөөллийн аяны хүрээнд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2000 орчим сурагчийг сургалт, өдөрлөгт хамруулж, сургуулийн орчмын худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Тодруулбал, нэг сарын аяны хүрээнд өнгөрсөн сарын 11-ний өдөр нийслэлийн 33 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 600 орчим сурагч хүнсний бүтээгдэхүүний шошго унших, сахарын агууламжийг таних, эрүүл хүнс сонгох, гараа зөв угаах чиглэлээр өдөрлөг зохион байгуулсан байна. Түүнчлэн Булган аймагт 410, Говь-Алтай аймагт 380, Хөвсгөл аймагт 274, Баян-Өлгий аймагт 130, Завхан аймагт 85, Архангай аймагт 79 сурагчийг тус тус сургалт, танин мэдэхүйн өдөрлөгт хамруулжээ.

Нөлөөллийн ажлын зэрэгцээ ЕБС-ийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчид болон сургуулийн орчмын худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд үргэлжилж байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд:

  • Улаанбаатар хот: Сургуулийн хоол үйлдвэрлэлд мах, сүү, хүнсний ногоо нийлүүлдэг есөн аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллажээ.  Сонгинохайрхан дүүргийн “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны ногоо савлах үйлдвэрлэлээс зөрчил илэрч шалгаж байна. Мөн нийслэлийн есөн дүүрэгт сургуулийн орчимд худалдаа эрхэлдэг 31 аж ахуйн нэгж, 12 иргэн, бэлэн хоол үйлдвэрлэгч арван обьектод шалгалт хийж, 17 заалт бүхий албан шаардлага өгч, чипс, цэлцэгнүүр, хөөсөн чихэр, лаазтай сүү зэрэг 33 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.
  • Говь-Алтай аймаг: Есөнбулаг болон Халиун сумын сургуулийн орчимд хүнсний худалдаа эрхэлдэг 12 объектод шалгалт хийж нийт 35 зөрчил илрүүлсний 54 хувийг газар дээр нь арилгуулжээ. Шошгын зөрчилтэй болон хугацаа дууссан 35 нэр төрлийн, 359 ширхэг (нийт 1,166,800 төгрөгийн) хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан байна.
  • Дархан-Уул аймаг: Сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулж буй 13 объектод хяналт шалгалт хийж, чанар аюулгүй байдлыг үнэлүүлэхээр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид 10 дээжийг 51 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлжээ.
  • Увс аймаг: Өндөрхангай, Зүүнхангай, Завхан, Наранбулаг сумдын ЕБС-ийн орчмын 11 хүнсний дэлгүүр, нэг буфет болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн арван гал тогоонд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна.
  • Хөвсгөл аймаг: Мөрөн сумын сургуулиудын орчмын худалдаа, хоол үйлдвэрлэлийн найман обьектод холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулж байна.
  • Архангай аймаг: Хотонт сумын гурван газарт холбогдох удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх