
Монголын гурван Ерөнхийлөгч Эрдэнэт хотын наадамд морилов. Мөн УИХ-ын гишүүд бэлчжээ, мөнөөх наадмын тойрогт. Бөхчүүдийн хамгийн дөмгүүд ч мөн тэнд цуглаж. Ерөөс Эрдэнэтийн наадамнаа үзэгдэх гэсэн хүмүүсийн түрлэг ч ихээхэн байжээ.
Цагаа эзлэн буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолын парадтайгаа, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг дэргэдээ шадарлуулан үзтэл сүр жавхлантайяа үзэгдэв. Дөрөвдүгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэтдээ ирлээ” хэмээн цахимаар өгүүлж, мөн тосуулан басхүү өөрийн ёслолын “парадыг” буй болгов. Тавдугаар Ерөнхийлөгч Х.Баттулга мөнөөх том нударгат хүрэн дээлтэйгээ наадмын нээлтийн эхээр орж явчихуй нь харагдана. У.Хүрэлсүх наадмын төв индэрт нэгэнтээ тухлаад одов бололтой, Х.Баттулгын сонгогдсон тойрог нь, үзэгдэхээс аргагүй биз. Мөн тэндээсээ даруй одсоных, маргааш өглөө нь Баянхонгорын наадам дээр мань тавдугаар дээлийнхээ өнгийг хөх болгосон, сөөнгөт дуугаар яриа өгч байх нь өргөн дэлгэцээр толилуулагдав.
Эрдэнэтийн наадмын талаарх нэг бичлэгт харагдах нь, Х.Баттулгаас эхлэн үзүүлээд, улмаар бичлэгийн дуран цаашлан төв асрын хамгийн ард суусан Ц.Элбэгдорж дээр очиж тусах. Элбэгээ Ерөнхийлөгч сургуулийнхаа бичигтэй, хүүхдийн гэмээр саравчтай малгай өмсөж, энгийн даруу, зүгээр л пиджактай байх бөгөөд нүүр царайны нь байдлыг харахад, хурдан морь уралдалгүй наадам өнжсөн “унаач хүүхэд” мэт нэг тийм гэрэвшүү, бас дотоод эмзэглэлтэй байх нь ажиглагдана. Эрдэнэтийн наадам дээр түүн шиг хэвлэл мэдээллийнхнийг бүчүүлж байгаа хүн алга. Тэр хэлж байна. Эрдэнэт үйлдвэрийг бүх ард түмэнд өгөх хэрэгтэй л гээд “Аваад хаячихна” билээ. Зарчим нь гарцаагүй зөв л дөө. Гэхдээ тэрбээр арваад жилийн өмнө “Эрдэнэт хөгшин үнээ” гэсэн нь бас үнэн билээ.
Ц.Элбэгдоржийг харлуулах ажиллагаа саяын Эрдэнэтийн наадмын үеэр ч бас их идэвхжлээ. Зориудын нь илтэд. Аа, бас, ерөөс түүнийг үзэн ядсан маягийн хандлага ч багагүй. Нарийн цаад ёзоорыг нь харвал өнгөрөгч он жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ нарын дэглэсэн, Ц.Элбэгдоржид наасан хар маягийн ажиллагаа, үзэл суртал ард түмний зарим хэсэгт үнэхээр “оржээ”. Ингэж дүгнэхээс аргагүй. Түүнээс нь улбаатайгаар Элбэгээг “барьж хорь, зайл, тонил” гэгсэд ихээхэн орилоостой нь нийгмийн сүлжээнд өрнүүн байгаа юм. Ц.Элбэгдорж бол гэвч заяамал улстөрч, онцгой мэдрэмжтэй хүн. Монголдоо “Ирэн очин байна аа. Гадаад хурал ном, зочин багш, ардчиллын сахил, олон улсын үйл явцад оролцох нь...” гээд багагүй ажилтайгаа мөнөөх эр хонгор дуугаараа мэдэгдсэн шиг л зогсоно.
Намбарын Энхбаярыг ч Ерөнхийлөгчөөс буусны дараа ийм боорлолууд бишгүй байсан бөгөөд бүр шоронд хүртэл хорьсон юм даг. Н.Энхбаяр ч чөмөгтэй эрийн хувьд амаргүйг давж өнөөдөрт ирсэн бөгөөд У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг Эрдэнэтэд наадаж байхад, Хархорин хотын ойн баяр дээр тэнд үүрэг хүлээсэн албатын хувиар хүндэтгэлийн ёслолд оролцоод явж байгаа нь харагдана билээ.
Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа У.Хүрэлсүхэд одоо албаасаа намайхад ердөө арван сар үлдэж байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын хувь зохиол, Ерөнхийлөгч хийсний дараах улс төр, ард түмний дунд дахь байдлаас харахад У.Хүрэлсүхэд бодит сургамж, өв түшиц болно. Ерөнхийлөгч байгаад буучихаад Оюу толгойн ТУЗ-д байх онцгүйг Н.Багабанди гуайн жишээ үзүүлсэн. Ерөнхийлөгчөөс буучихаад дахиад УИХ-ын гишүүн болох дэмийг Х.Баттулгын жишээнээс харж болно. Тэр эдүгээ цөхөрсөн мэт 2028 онд УИХ-д үл дэвшинэ гээд нэгэнтээ мэдэгдчихсэн. Ерөнхийлөгчөөр найман жил байчихаад буухдаа, сүүлийн дөрвөн жилдээ илтэд бяр орж, эс тоох, хэтийдсэн эрх мэдлээсээ өнөөгийн горыг үүрч байгаа Ц.Элбэгдоржийн сургамжаас ч ихийг үзэж болно. П.Очирбат ч энгийн сайхан монгол байсан ч, эрх ашигт далдуур хөтлөгдөж явсанд нь ард түмэн хэрхэн хатуу хандсаныг түүний хорвоогоос явсаны дараахь нийгмийн уур амьсгалаас мэдэрч болно. Энэ энийн учир Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд үлдэж байгаа арван сар ихээхэн хариуцлага, зөвийн талтай нэр төрөө хадгалах, улс төрийн сэрэмж алдаагүй байх, эв нэгдлийг хангуулж, төрийн тогтвортой байдлын ололтуудыг шилэх цаг хугацаа болмуй. Арван сарын дараа, ирэх наадмын дараа ард түмэн хүссэн хүсээгүй өнөөдрийн У.Хүрэлсүхэд хандаж байгаа өнгө төрхөөс их өөрөөр, өөр өөрийн дуугаа дуулах нь үнэн билээ.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2026-07-27 11:15:06
Эрдэнэт үйлдвэрээс саагсад очих нь гарцаагүй. Өнөө Эрдэнэтэд блгэвч шахдаг хүн харин үзэгдлүү?