Үерийн улмаас хоёр хүүхэд энджээ

Хуваалцах:
Үерийн улмаас хоёр хүүхэд энджээ
Нийслэл хотод орсон хүчтэй борооны улмаас СХД-ийн 21-р хороо, Жаргалан тосгонд үер болж, дөрвөн настай хоёр хүүхэд, 40 гаруй насны нэг эмэгтэй нас баржээ. Нийслэлийн онцгой комисс, дүүргийн онцгой комисс, цагдаагийн байгууллага үерийн бүсийг хамгаалалтанд авч, үерт эндсэн дөрвөн настай хүүхдүүд, эмэгтэйн цогцсыг гарган авлаа. Онцгой байдлын албан хаагчид эрэл хайгуулыг хийсээр 500 метр газрыг гараараа ухажээ. Жаргалан тосгонд БНСУ-ын хөрөнгө оруулалттай Есүсийн сүм ажилладаг. Тус сүм өчигдөр бага насны 100 орчим хүүхдийг цуглуулжээ. Сүмийнхэн хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөлгүй тарааснаас гэртээ харьж явсан хүүхдүүд үерт энджээ. Тус сүмийнхэнг одоо цагдаагийн байгууллага шалгаж байцаалт авч байна. Үерийн улмаас иргэдэд учирсан хохирлыг барагдуулахаар албаныхан ажиллаж байна. Одоогоор дөрвөн автомашин, гурван айлын гэр усанд урсчээ. Мөн дөрвөн хүүхэд бэртсэнийг эмнэлэгийн байгууллагад хүргэсэн ажээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа тул иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих