“Өндөр эрсдэл”-тэй УБТЗ
Улаанбаатар төмөр зам ХНН-д сүүлийн хоёр жилийн хугацаанд 62 удаагийн осол гарч, 4 хүний эрдэнэт амь үрэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Дарханы чиглэлд явж байсан УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэрэг осолдож олон хүн бэртэж гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон. Мөн оны есдүгээр сард Замын-Үүд өртөөнд төмөр замын дагалдах ажилтан галт тэргэнд дайруулж нас барсан. Уг ослын үеэр дагалдах ажилтан зам дээр ганцаараа ажиллаж байсан бөгөөд сэлгээний зүтгүүрийн хажууд байсан тул сигнал сонсолгүй хамуулж, амь насаа эрсдүүлснээс энд хөдөлмөр аюулгүй байдлын хамгаалал хэрхэн явагддаг нь илхнээ харагдана.
Мөн 2018.08.12-нд Улаанбаатараас Сайншанд чиглэлд аялжж байсан 286 дугаар галт тэрэг Дорноговь аймгийн Айраг сумаас 5 км зайд осолдож, замын хажуу руу унаж, олон хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан нь Айраг сум хавьд олон хоног үргэлжилэн орсон бороо, их уснаас үүдэж замын дэр моднууд мултарсан гэх авч бодит байдал дээр ажилласан эх сурвалжууд үер зайлуулах хоолой хогонд битүүрснээс зам усанд автаж, дэр моднууд мултарч, зүтгүүр, түүний арын хоёр вагон унаж осолдсон гэх.



Энэ мэтчилэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс том бага, осол аваарь салахгүй байгаа учраас Мэргэжлийн хяналтын газраас Зам тээврийн хөгжлийн яаманд хүсэлт хүргүүлсний дүнд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр УБТЗ ХНН-д шалгалт оруулж, шалгалтын ажиллагааг өчигдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүллээ.
Гэтэл уг шалгалтын сургаар тус нийгэмлэгийн дарга Д.Жигжигнямаа бүх салбар нэгжийн дарга нартаа яаралтай цахилгаан хүргүүлж, Мэргэжлийн хяналтын байцаагч нарт байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг шалгуулахыг хориглосон байна.

Гэвч тус цахилгаанд дурдсан 1949 оны хоёр улсын гэрээнд санхүүгийн үйл ажиллагааг нэг тал дангаар явуулахгүй гэх зүйл заалт нэгээхэн ч үгүй бөгөөд харин ч тус Хэлэлцээрийн 9 зүйлд нь: “ Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн ажил явуулагыг мөнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуульд тохируулан гүйцэтгэх бөгөөд Монгол улсын үйлдвэр, байгууллагуудын эрх хөнгөлтүүдийг эдэлнэ” хэмээн заажээ.
|
Есдүгээр зүйл Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр өөрийн ажил явуулагыг мөнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуульд тохируулан гүйцэтгэх бөгөөд Монгол улсын үйлдвэр, байгууллагуудын эдэлдэг эрх хөнгөлтүүдийг эдэлнэ.
|
Яллагдагчаар татагдсан Д.Жигжиднямаа
“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямааг өөрийн дүү Д.Жүгдэрнямын компаниар их хэмжээний мөнгө угааж, актлагдсан 1000 вагон оруулж ирж, УБТЗ-д нийлүүлэх явцдаа дундаас нь мөнгө зувчуулсан гэх хэрэгт холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас чамгүй хугацаанд шалгасан.
Улмаар өнгөрөгч оны 12 дугаар сард Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Жигжиднямааг яллагдагчаар татан, хилийн хориг тавьж, удирдах албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч өнөөдрийг хүртэл УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр байгаа учраас энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнээс тодруулахад “Д.Жигжиднямааг шалгаж байгаа нь үнэн. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Санхүүгийн үйл ажиллагаагаа шалгуулахаас татгалзсаны учир
Тэгвэл, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байсан Д.Жигжиднямаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүгийн үйл ажиллагааг шалгуулахгүй хэмээн түргэн авч, доорх албан тушаалтнууддаа яаралтай цахилгаан мэдээ илгээсэн нь ямар учиртай байж болох вэ?
Яллагдагчаар татагдаж байсан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн "British sсhool"-д сурдаг хүүхдийнх нь 16000$-ийн сургалтын төлбөрийг УБТЗ-ын гадна талбайг хариуцдаг хувийн хамгаалалтын компани төлсөн баримт дэлгэгдэж нэг хэсэг нийгэмд сенсаци тариад амжсан. Зөвхөн нэг л хүүхдийнх нь сургалтын төлбөр жилд 40 саяар яригдаж, түүнийг нь гадна талбайн компани хариуцаж төлж байсан нь, түүний ард санхүүгийн хэчнээн ноцтой баримт нуун дарагдаастай байхыг таашгүй.

Тийм ч учраас МХЕГ-аас хийж буй төлөвлөгөөт шалгалтанд Д.Жигжиднямаа яаралтай түргэн авч, доод албан тушаалтнууддаа санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой нэг ч баримт дэлгэж болохгүйг хатуу анхааруулсан биз ээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн гаргасан тушаал нь Монгол улсын Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн
16.1.-р зүйл анги “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
16.2-р зүйл анги “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” Гэсэнд тохирч байна.
Д.Жигжиднямаа нь төр, ард түмний өмч хөрөнгөөр хэрхэн туйлж байгаа нууц мэдээллээ шалгуулахаас зайлсхийв үү, эсвэл үнэхээр дур мэдэж улсын хуулийг зөрчиж, төрийн байгууллагын үйл ажиллагааг хувийн компаниа удирдаж буй мэтээр явуулж байна уу? Бид түүнтэй холбоотой мэдээ, сурвалжлагуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.
Б.Хишигдэлгэр





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2019-04-05 01:18:59
Үнэхээр сүйрч байна даа