
Коронавирусийн үед Монгол Улсад болсон дуулианууд
БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад ээлж дараалан бүртгэгдэж, хил залгаа оршдог манай улсыг маш эрсдэлтэй хэмээн үнэлсэн. Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, нийслэлийн хэмжээнд үйлчилгээний газрууд, олон нийт цугладаг байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаснаар иргэд хүнсээ ихээр нөөцлөхөд хүрч, лангуунууд хоосорч байв. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад анх удаа Коронавирусийн халдвар бүртгэгдсэн өдөр тохиож байна.
Коронавирус Монголд
ОХУ-аар дамжин хил нэвтэрсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэнийг Монголын ард түмэн Анх-Отгон хэмээн нэрийдэж байв.
МОНГОЛ УЛС АНХ УДАА ХИЛЭЭ ХААВ
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улс эхлээд БНХАУ хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоосон бол өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдсэний улмаас бусад чиглэлийн нислэгүүдээ ч ар араас нь цуцалж эхлэв.
Улмаар манайд коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн тул Орос, Казахстан, Туркээс авахуулаад Монгол Улс хооронд хийх нислэгүүд бүрэн зогсож, гадаадад байсан иргэд эх орныхоо хилээр нэвтэрч чадахгүйд хүрсэн юм. Энэ нь гадаад улсад суралцдаг монгол оюутнууд болон гадагшаа түр хугацаагаар зорчсон олон мянган монгол иргэнд маш хүндээр нөлөөлсөн. Тиймээс гадаадад хүнд байдалд орсон иргэдээ татах уриалга, сошиал хөдөлгөөн, хил хаасныг эсэргүүцсэн жагсаал маш хүчтэй өрнөв
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРГЭДЭЭ ТАТАЖ ЭХЛЭВ
2020 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх орондоо шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-ны Консулын газар Хятадын талтай холбогдон зохион байгуулж, “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.
Энэ бол Монгол Улс гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ авсан анхны тохиолдол байсан бөгөөд цар тахалтай холбоотойгоор бусад улс орноос иргэдээ эх оронд нь авчрах томоохон ажлын эхлэл байв. Ийнхүү өнгөрсөн хугацаанд 109 удаагийн нислэгээр 21 мянга орчим иргэнээ дэлхийн улс орнуудаас татан авсан бол авто зам болон явганаар авчирсан иргэдээ оролцуулбал 28 мянга гаруй хүн нутагтаа иржээ.
КОРОНАВИРУСИЙН ҮЕД ХЯТАДАД АЙЛЧИЛСАН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА БОЛЖ, 30,000 ХОНЬ БЭЛЭГЛЭВ
Коронавирусийн халдвар өмнөд хөршид анх бүртгэгдэн, дэлхий нийтийг түгшүүрт автуулаад байсан үе буюу энэ оны хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус улсад албан ёсоор айлчилсан анхны төрийн тэргүүн болов.
Энэ удаагийн айлчлал очсон өдрөө буцах давчуу цагийн хуваарьтай байсан ч хоёр орны харилцаанд тодоор бичигдэх түүхэн айлчлал болсон юм. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн нь найрсаг хөршийн харилцааг бататгахын зэрэгцээ талархал хүлээсэн явдал болов.
Төрийн тэргүүн айлчлалаа өндөрлүүлээд халдвар хамгааллын дэглэм сахин тусгаарлагдсан бөгөөд бэлэгний хонийг аравдугаар сард амьдаар нь Хятадын талд хүлээлгэн өгсөн билээ.
БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОВ
Цар тахлын үед хөрш орны хувьд манай улс болзошгүй аюулаас сэргийлэхээр яаралтай арга хэмжээ авсны нэг нь бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээл сургалтаа явуулахыг хориглох байв.
Улсын Онцгой комиссоос 2020 оны нэгдүгээр сарын 24-нд уг шийдвэрийг гаргаснаар Монгол Улсын боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилийн хагаст нь анх удаа цахимаар болон теле хэлбэрээр сургалтаа явууллаа.
Дотооддоо COVID-19-ийн халдвар бүртгэгдээгүй улс орнууд боловсролын үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үргэлжлүүлэхийг НҮБ улс орнуудад уриалсаар байв.
Хэдийгээр манай улсын теле хичээлийг үлгэр жишээ зохион байгуулж байгааг дурдаж байсан ч НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар сурагчдын 16% орчим нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй байсан бол 57% нь ойлгомжгүй байсан гэж сурагчид үнэлсэн юм.
ҮЗЭГЧГҮЙ, ОНЛАЙН НААДМЫГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас монгол түмэн Цагаан сарын баярыг гэр бүл дотроо тэмдэглэн өнгөрүүлсэн бол Үндэсний их баяр наадмыг түүхэндээ анх удаа үзэгчгүй тэмдэглэж, цахимаар үзэж сонирхсон юм.
Үндэсний их баяр наадмыг 13 дугаар зуун цогцолборт үзэгчгүйгээр зохион байгуулж, нээлтийн ажиллагааг Монголын Телевизүүдийн холбоо шууд дамжуулсан.
Тэгвэл дотоодод халдвар гарсантай холбоотойгоор шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосноор монголчууд бүгд 2021 оныг гэр гэртээ угтах гэж байна.
ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ОРОН НУТГИЙГ ЗОРЬЖ АМРАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭВ
Долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 330,000 тээврийн хэрэгсэл орон нутгийн замд гарсан нь өмнөх оноос гурав дахин өссөн үзүүлэлт болсон.
COVID-19 ДОТООДОД БҮРТГЭГДЭЖ, МОНГОЛ УЛС АНХ УДАА БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ
Монгол Улс дотооддоо халдвар алдахаас арван сар сэргийлсний эцэст 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр тусгаарлалтаас гараад дөрөв хоносон олон улсын автотээврийн жолоочоос COVID-19 илэрч, анхны голомт бий болов.
Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийнхаа дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Улмаар Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж, чухал үүрэг бүхий 13 салбараас бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авахаас өөр зорилгоор гэрээсээ гарахыг хориглон, хатуу хянаж байсан ч цар тахал аль хэдийн нийслэлээс гадна таван аймгийн хэмжээнд тархсан байв.
Сар орчим үргэлжилсэн хөл хорионы үеэр голомтуудыг цомхтгон дарж, дэглэмийг бууруулсан ч хоёрхон хоногийн дараа БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт шинэ, том голомт үүссэн нь нийслэлчүүдийг дахин 14 хоног хатуу хөл хорионд ороход хүргэсэн тул нийслэлчүүд 2021 оныг хорио цээрийн дэглэмд угтах нь.
МОНГОЛЧУУД АНХ УДАА ҮНЭГҮЙ ЦАХИЛГААН, ДУЛААН АШИГЛАХААР БОЛОВ
Цар тахал дотоодод гарсны дараа Засгийн газраас нийт өрх болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс даах шийдвэр гаргав.
Түүнчлэн шахмал түлшний үнийг 75% хүртэл хямдруулсан юм.
Энэхүү хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс ТТ" компаниудаас гаргахаар болсныг зарласан бөгөөд баялгийнхаа хувийг хүртэж байгаа хэрэг хэмээн Ерөнхий сайд тайлбарласан юм. Эдгээр шийдвэр нь өмнөх шийдвэрээсээ илүү бодитой дэмжлэг болсон хэмээн олон нийт үзэж байгаа бол бизнесийн санхүүжилтэд дэмжлэг болсон Засгийн газрын манлайлал үгүйлэгдсээр байгааг мэргэжлийн байгууллагууд хэлэв.
Гэхдээ бид өнөөдөр ч Коронавирусийн халдварыг бүрэн давсан гэж хэлэх боломжгүй байна. Учир нь энэ долоо хоногт 772 хүн коронавирусээр халдварласан нь өнгөрсөн долоо хоногоос хоёр дахин их үзүүлэлт юм. Мөн тархах хурд өндөр Омикроны BF.7,BQ.1.2 шинэ хувилбарууд батлагдаад байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу