УЛС ТӨРОнцлох

УИХ-ын даргын шахалтаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан ажлаа өгөв үү

Хуваалцах:
УИХ-ын даргын шахалтаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан ажлаа өгөв үү

Нийгэмд иргэдэд айдас хүйдэс төрүүлсэн, хүний эрхийг ноцтой зөрчсөн олон үйл явдал болж өнгөрсөн. Энэ бүхэнд тэргүүн фронтод явж байх ёстой Хүний эрхийн үндэсний комисс дүлий дүмбэ оргиж суудаг. 21-хэн настай залуу цэрэгт амиа алдлаа хэмээн нийгмээрээ эмзэглэж байхад ч таг чиг. Хүний эрхтэй холбоотой олон асуудалд ХЭҮК ямар ч мэдрэмжгүй үүрэг рольгүй ханддаг нь ганц энэ удаагийнх бус. Тэгээд ч хамт олноо удирдан чиглүүлэх үүрэгтэй Ж.Хунан дарга хүний эрхийн мэдрэмжгүйгээ олонтаа баталсан. УИХ-ын дарга Г.Занданшатар арга ядахдаа УИХ-ын чуулганы хуралдаанд "Сүүлийн үед хүний эрх, хүүхдийн эрхийг зөрчих асуудал их гарах боллоо.Хүний эрхийн үндэсний комисс жилд нэг л илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Дүгнэлтэд нь үндэслээд УИХ тогтоол баталдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын энэ байдлыг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо энэ долоо авч хэлэлцэх шаардлагатай байна. Шаардлагатай бол Хүний эрхийн үндэсний комиссын даргыг өөрчлөх хэрэгтэй" гэж байв.  Энэ удаад УИХ-ын даргын шахалтаар уу эс бөгөөс Ж.Хунан дарга ажлаа хийж чадахгүйгээ, хүч нь хүрэхгүйгээ  ухаарсан уу ямартай ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хэлэлцэн, дэмжлээ. Тэрбээр өргөдөлдөө “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.Энэ дагуу ХЗБХ хэлэлцээд Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 70 хувийн саналаар дэмжлээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих