Өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны шөнийн 00:00 цагийн орчимд "Ноорог"-ийн залуусыг саатуулж, байгууллагад нь нэгжлэг хийж компьютерын хатуу диск зэргийг нь хураан авч, өглөөний 06:30 цаг хүртэл байцаажээ. Уг асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дээдлэх, хараат бус чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу дээрх үнэт зүйлсийг хөндөн ганхуулах аливаа үйлдэл, тэр дундаа төр, засгийн болоод хууль хүчний байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй хүчирхийллийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд эрс шүүмжлэлтэй хандсаар ирсэн болно.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, түүний хэвлэн нийтэлсэн агуулгын талаарх гомдол маргааныг хуулийн байгууллага шалгах явцдаа ажилтан албан хаагчид нь хууль журмаас гадуур төдийгүй айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх арга хэлбэрийг ашиглах, тухайлбал амралтын өдөр, ажлын бус цагаар гэнэт дуудан ирүүлэх, баривчлахаар сүрдүүлэх, байцаалт авах, ар гэрийнхэн, өндөр настай аав, ээж рүү нь утасдах, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгуулан сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр авирлах нь удаа дараа давтагдаж байгаад харамсаж байна.
www.noorog.mn сайтын редакцын ажлын байранд нэгжлэг хийх, шөнийн цагаар сэтгүүлч, ажилтнуудаас байцаалт, мэдүүлэг авсан нь хэвлэлийн хараат бус байдал, хүний эрхэд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм" гэв.