
Босоог хэвтүүлэх ажил эхлэж байгаа бололтой юм. Сайнхүүгийн Ганбаатараас эхэлж байх шиг байна. Л.Энх-Амгалан эхлүүлчихэв үү, яав. Нөхөр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан сайдад хүрч чадаагүй тул, бүлгийн даргад давхисан юм байна. Шинэ Засгийн цээж мундаа том дарга нар Бүлгийн даргадаа түүнийг дэвшүүлсэн ч, түүнтэй өрсөлдсөн, сайдын ажил алба үүрд өөрөөс нь зугатсан байж мэдэх сахал Ж.Бат-Эрдэнэд оноо илүү очих нь тэр. Сүнээ гэдэг хүүхэнтэй цээж дүүрэн зураг авахуулж, төрсөн өдөр тэмдэглэснээсээ хойш ер олигтой нар үзээгүй Ж.Бат-Эрдэнийн нар ийнхүү гийж эхэллээ. Гэхдээ их сайндаа биш юм аа. Ардын намын хуваагдал түүнийг ингээд өөд чулуудчихаж. Наяад оны нөхөд. Сая Засаг байгуулагдахад гуравдугаар хүн Зандангийн үүдэнд урваачдыг дахин бүү томил гэж очсон гуч буюу Л.Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалангийн талынхан ингээд дийлчихэж. Шинэ Засгийнхан ингээд бүлгийн даргаа наян оныхондоо алдаж байна. Ихээхэн анхааруулгатай дохиолол доо. Цаашид бүлэг дээр Г.Занданшатар , С.Бямбацогт нар асуудлаа нэг мөр авч авахад хэцүү л юм байна. Л. Энх-Амгаланг С.Бямбацогт нь хөтөлж ороод, тэгээд унагаж орхив гээд хэвлэлд гарсан харагдсан. Одоо нөхдүүд хөнтөрч орхисон Л.Оюун-Эрдэнэдээ буцаад л урваач шарваачийн дүрээр очиж , гуйх ажлууд гарч мэдэх нь. Бүлгийн даргаа ингэж алдсан хүмүүс нааш харан инээн Ж.Бат-Эрдэнэд тамгаа өгч байна лээ. Ж.Бат-Эрдэнэ биш шүү, Л.Энх-Амгалан шүү гэж хүчний байгууллагаар зандруулсан ч эс чадав, хэвлэлд гарсан мэдээлэлд үндэслээд хэлж байна. С.Ганбаатарын үнэн л юм яриад байна лээ. Парламентын дархлаагаа хамгаална, том үнэнг хэлээд ноолуулж байна гээд. С.Ганбаатар ариун хүн биш байж болно. Харин одоо тэр Газрын тосны үйлдвэрийн ариун бишийг л гаргаж тавих хэрэгтэй дээ. Ингэхээр хэн нь хэр ариун бэ гэдгийн багцаа гараад ирнэ. Ардын нам ингээд нэг тийм хачин бярдлагад орох нь. Хүч түрж шийдэх байдал руу. Мугуйдлах юм даа. Сайнд хүргэх нь юу л бол. Хүчний байгууллагынхнаар далайлгаад хүчээ барна уу гэхээс, хүмүүсээс олигтой дүн авахгүй байх. Хорин долоо, найман оны сонгуульд МАН годройтох магадлалаа улам л лавшруулаад байна. АН-ын нэр хүнд хэдийнэ бусад намаа орхин цогнойж. Бүтээмжийн менежерийг халбал Г.Занданшатарын арьсыг хуулна гэсэн Л.Гантөмөр одоо дэд сайдууд хоолны сав аа гээд улс төрөө хийж байна. Гаажтай, улс төр ийм золиг л доо. Л.Гантөмөр цоройгоод л байна. Л.Гантөмөр Засагт байсан аваас бүтээмжийн нэгэн оргил бол дэд сайд гээд зогсох л доо. Гэвч одоо Засгаас буулгагдсан түүнд тийм сайн үг яахин олдоно. АТГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийнхээ талд зогсож байх шиг байна. Хүүгийн нь асуудлаас үүдсэн орлого нотлох, эдийн үнэ тогтоох ажлыг сараар сунгалаа л гэж байна. Тавтай үзэх нь. Л. Оюун-Эрдэнэ Солонгост жаахан амсхийж байгаа бололтой юм. Л.Оюун-Эрдэнэ гэснээс босоогоосоо хэвтээ рүү чангаалгаж байгаа С.Ганбаатар чинь саяхан Л. Оюун-Эрдэнийг хамгаалаад хурц хурцхан дуугараад байлуу даа. Энэ нь л түүнд эргээд цохилт авчирч байна. Эргээд харвал бодогдох юм их байх шиг байна. Г.Занданшатар ажлаа эхлээд долоо л хонож байна. Төсвийн нь орлого их наядаар дахин унаж байна гэж тэр өөрөө мэдэгдлээ. Хүчний байгууллагаар гангарч, хүн хүчгүйдүүлэх тэмтрүүлүүдтэй, заллагатай Засгийн маань бодит бяр ийм л байна. Монгол сайхан ёгтоор бол бөхгүй байж туг ширээ л гэдэг юм. Тэгсэн, Сүмбээ гэнэ үү, нэг гишүүн Г.Занданшатарынхаа Засгийн газрын нэгэн гишүүн П.Наранбаярыг үтэр албаас нь тонилго гээд цовоо цолгиун яваад, мэдэгдээд байгаа бололтой байна. Яана даа, одоо, Ерөнхий сайд Г.Занданшатар. Долоо хоноод л, ингээд сугалуулаад, тонуулаад байвал. Үнэндээ одоо араа шүдээ гаргасан АН, НОМТ хүрхрэл, Засгийн гарцаагүй зангыг тавиад л хүлээцгээж байна. Мэх болгоныг хийнэ дээ. Г.Занданшатарт одоо үнэндээ МАН-ын талцлууд нэмэр болохгүй. Г.Занданшатарын өөрийн нь томилогдсон өдрөө УИХ-д хариулж байсан шиг манлайлал л аврал болно. Нэмэр бол Иргэний зоригийн Б.Батбаатар, ХҮН Т.Доржханд хоёрын манлайллыг дэмжих замаар, тэдний намуудын дэмжлэгээр нийгмийн шөргөн шүүмжлэлийг эерүүлэх замаар л зам хорооно. Урагшилна . Өөр арга байхгүй. Ардын намынхан, эрх баригчид, ялангуяа Засагт багтсан, дөрөв тав удаа сайд болсон нөхөдтэйгээ ганхаж, ихэрхсээр байтал нийтийн дунд нэр нүүр ч үгүй, эдийн засаг гуринхалсан, дараах сонгуульд эцэнхий давхина. Арчаатай л , үнэн, зөв байхгүй бол. Энэ бол гарцаагүй үнэн. Өнөөдрийн үзэгдлүүдээс ургуулаад, ирэх цагийн аясыг таахад.
Б.БАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу