НИЙТЛЭЛОнцлох

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд машид “хайртай” ажээ

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд машид “хайртай” ажээ

      Л.Оюун-Эрдэнийг зориудаар тааруу сандалд суулгаагүй байх л даа. Тийм л сандал таарсан юм байгаа биз. Ер нь бол мань хүн цэгцтэйхэн суучихдаггүй бололтой юм. Биеийн хэлэмж ер эрхэмсэггүй. Энэ мэтээс эхлээд Л. Оюун-Эрдэнийг даапаалан “бүүвэйлэх” байдал үргэлжилж л байна. Агуулгын хувьд юу ярив гээд харвал суулгац, хэлэмжүүд байх юм аа, байх юм. Юуны өмнө Л.Оюун-Эрдэнийг хүмүүс уг ярилцлагаараа У.Хүрэлсүхийгээ “шанаадлаа” гэж хараад байх шиг байна. Үгүй юм л даа, Л.Оюун-Эрдэнэ бол харин ч У.Хүрэлсүх ахдаа их хайртай хүн байна. Тэр Ерөнхийлөгчийг аливаа алдаа гэмээс сэрэмжлүүлэх үүднээс л яриад байгаагаар ойлгогдохгүй байна гэж үү дээ. Хамгийн эхлээд парламентаа хамгаалья л даа, хэврэгшүүлээд яахнав дээ, ах аа, тийм учраас би санаачилж байгаа хуулийг чинь дэмжихгүй гэж хэлээд байна. Парламентаа хайрлаж, хямгадаж байж л бид бүхий л агуулгаараа зөв урагшилна шүү дээ гэж Л.Оюун-Эрдэнэ ахыгаа ятгаж, Ерөнхийлөгчөө “аргадаж” байгаа байдал харагдлаа. Энэ бол хайр юм, нялуудахгүй.

Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө ер айдсын мэдрэмжгүй гэж хэлсэн. Нэг их зоригтой хүн болох гэж тэгээгүй байх. Ер нь бол зүгээр бүгдээрээ ардчилсан оронд, ардчилсан парламенттай улсад амьдарч, дарангуйлалгүй байгаа л юм бол үгээ хэлцгээ л дээ гэж  тэрбээр УИХ-ынхаа гишүүд, ерөөс нийт ард түмэндээ уриалж байна билээ. Сануулж эс хэлэх аваас сайн засаглал ч ялзардаг гэдэг үгтэй. Дүү чинь, би л тандаа үгээ хэлэхгүй бол танд үг хэлдэг  хүн үгүй болжээ гэдэг агуулгыг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчид гулсууллаа. Үүнийг хайр хүндэтгэл л гэж ойлгож хармаар.

Ардын намын  дээд удирдлагын хүрээ тэр чигтээ Ерөнхийлөгчийн хүмүүсээр дүүрлээ гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Ерөнхийлөгч бол намаас татгалзсан хүн байдаг. Тийн атал намын зуухыг өөрийнхөө төлөө асаалгах хүмүүсийг их чигжих чинь болохгүй ээ гэж Ерөнхий сайд асан хэлээд байгаа нь буруу биш байх аа. Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн дархлааг хангагч. Тийм бөгөөс нэг намыг тойглон “унах” нь эв нэгдэлгүй л болгох гээд байна шүү дээ гэдэг агуулгаар Л.Оюун-Эрдэнэ хэлээд байх шиг байна. Тэгж үзвэл түүний хэлэмжийг буруутгах аргагүй. Энэ учраар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөө хайрлаж л байгаа явдал.

   Халтмаагийн Баттулгыг Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө авч, ихээхэн сонирхолтой нийгмийн хэлэлцүүлэг дагуулсан. Тэгсэн, тэр томилгоог зөвлөсөн хүн нь Ерөнхийлөгч болж таарлаа. Л.Оюун-Эрдэнэ эв нэгдэл, ах нарын түнжинг бодоод тийм зүйл тухайн үед хийсэн бололтой. Яг тэр үедээ л Л.Оюун-Эрдэнэ энэ болохгүй ээ, зарчим таарахгүй ээ гээд шууд хэлэх л байж дээ. Угаасаа Ардчилсан намаас дэвшин сонгогдоод буусан хүнийг Ардын намын дарга зөвлөхөө болгоно гэдэг яав ч зохимжтой зүйл бус шүү дээ. Ах нараа л бодсон, хайрласан хүний үйлдэл юм байгаа биз. Гэхдээ л тэгж болохгүй байсан нь тодорхой. Тэр үеэсээ л ахыгаа хайрласан, одоо ч хайртай байгаагаа “Оюук нь хэвээрээ шүү” гээд байгаагаас нь ойлгогдохоор.

Оцогнодог хүн, алив оцогногчоор дамжуулан шүүхийг эзэмдээд байж болохгүй гэдэг санааг Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна лээ. Шүүх эрх мэдэл хараат болчихоор бүх үнэт зүйл үгүй болно. Шүүхийн шийдвэрээр баривчлагдах гэж байсан Х.Баттулга Я.Содбаатарын өрөөнөөс Солонгос нисэж байна гэдэг бол “шүүх Содбаатарын өрөөнд байгаа” явдал болж таарч байна. Тиймээс хараат бус шүүхтэй болж байж л Монгол Монголоороо үлдэнэ шүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна. Н.Алтанхуягт тохиолдоод байгаа жишээгээр, цагаатгасан шүүгчид нь цагаатгалаа яг өөрсдөө гэдрэг болгоод байгаагаар Л.Оюун-Эрдэнэ хөдөлбөргүй хэлнэ билээ. Тэгээд хонгил байна гээд, хонгилын түлхүүр дээд эзэнд байна аа гэж хэлж байх юм. Энэ үгээрээ мөн л Ерөнхийлөгчийг зааж байгаа бөгөөд битгий ингээч дээ гэдгээрээ мөн л У.Хүрэлсүхэд хайр хүндэтгэлтэйгээ дахин илэрхийлж байх шиг байна лээ.

Ер нь тэгээд, Л.Оюун-Эрдэнийн ярианы гол агуулгын суулгац нь, парламентаа парламентаар нь байлгая, дарангуйлалгүй байя, байр байрандаа байя, хууль ёсондоо захирагдья, жудагтай байя, нэжгээд хүний эрх ашгаас илүү төр улсаа эрхэмлэе гэдэг хэлэмж байлаа. Энэ энийн учир шигшээд тунгаагаад үзбэл бүх агуулгаараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд машид “хайртай” ажээ. Ер нь ч бүх цаг үед тэр ард нь ч, урд нь дарцаглаж ирсэн. Тэгээд ч нэгийгээ Ерөнхийлөгч, нөгөөгөө Ерөнхий сайд болгосон улс шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн ярианы ерөнхий агуулга түүнд хайртай, хүндэтгэлтэйн нь л үр нахиатай агуулга байлаа.  Алив алдаа гэмээс ангид байлгахын тулд, тордож улс төрд өөд татсаныг нь бодож, ахас ихэсээ хүндэтгэн хайрлах нь тэнэглэл биш байх аа.

З.САЙНТӨГӨЛДӨР


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

ард 2026-03-15 08:57:36

Оюука сайд маань хадны завсар хавчуулагдсан Халиуны зулзага шиг байсныхаа төлөө буруудсан байна төрийн байж буй царай...

Зочин
Сэтгэгдэл бичих