
Ес хүрэхгүй жилийн дотор долоон Засгийн газар байгуулагдаж. Давхардсан тоогоор 220 сайд ажилласан гэж байгаа юм. Энэ бол төр барьж тоглож байна гэж хэлэхэд болох зүйл мөн байх аа. Нэг хүн, нэг хүний хамааралтайгаар ийм олон Засгийн газар байгуулагдаад байна аа гэдэг чинь болохгүй байна, тогтвортой бус байгаагийн хангалттай илэрхийлэл. Тийм болохоор тогтвортой бус Засгийн газрыг бүрдүүлэлцээд, ээлж дараалан унагалцаад байгаагаа Монголын хэвлэл мэдээллээр шүүмжлэгдэн бичээд бичигдээд байгаа эрхтэн ойлгочих хэрэгтэй л дээ. Сайн Засгийн газрууд байгуулагдуудаад, сайн ажиллаад байсан аваас ингэж олон Засгийн газрууд солигдохгүй нь үнэн юм. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар дөнгөж бүрдээд байна. Хуралддаг өдрөө хүлээлгүй хуралдлаа. Хурдыг голлоно гээд байгаагийн илэрхийлэл ингэж байгаагаас нь ойлгогдоно. Юуны өмнө данс нь хаагдсан байсан өр төлбөртэй арван хоёр мянган аж ахуйн нэгжийн дансыг нээх шийд гаргачихлаа. Нэг хэсэгт нь цэлсхийгээд, урам зориг нэмэгдэх нь гарцаагүй. Хаагдсан данстай аж ахуйн нэгж хаагдаастайгаа л байгаад байвал ямар нэмэр байх билээ. Нээж байж л нааштай алхам бий болох нь тодорхойг Н.Учрал Ерөнхий сайд шан татан эхлүүлж байх шиг байна. Энэ хавар Монголд махны үнэ урьд өмнө байгаагүйгээр өсөж байна.
Хөдөө аж ахуйн шинэ сайд Ц.Идэрбат томилогдуут юутай ч махны захаар эргэсэн бололтой юм. “35000-ын үнэтэй мах олж хараагүй” гэж мэдэгдээд, тарган туранхай, дундаж гээд мах сортлогч шиг зүйл яриад зогсоод байх юм. Түүнийг нь сонссон иргэн “Гучин таван мянгын мах байхгүй ээ. Гучин дөрвөн мянга таван зуугийн үнэтэй мах бол байж байгаа” гээд ёргиж байх жишээтэй. Сайд нарын анхдагч илэрхийлэл нь хандлага. Чухам гучин таван мянгатай мах олж харахгүй байна гээд л зогсож байгаа Ц.Идэрбатын хандлага шууд л гологдол ханхлуулж байна.
Гучин таван мянгад хүрсэн махтай, мал аж ахуйн орны салбар эрхэлсэн сайдын иймэрхүү юм яриад зогсож байна аа гэдэг чинь Ерөнхий сайд Н.Учралын чихийг халууцуулах л шинжийн. Ерөнхий сайд Н.Учрал эрс зоримог ажиллахаа тун бодьтой мэдэж байх шиг байна. Тэгэхээс ч аргагүй. Түүний Засгийн газрыг янз бүрээр бичиж байна. Томилогдогсодын ихэнхийг нь хэсэг бүлэг, хүмүүс, том хүн тавьсан, тэр битгий хэл өөрийн хөрөнгөөр сайд боллоо гэж бичигдсэн хүн ч байна билээ.
Н.Учрал намын эв нэгдлийг хангахаар Засгийн газраа байгуулсан нь ойлгомжтой. Намын эв нэгдэл хангагддаг юм байж. Харин ажил алдсан, ажлаа үл хийж чадаж байгаа сайдуудтай Н.Учрал эвлэрэхгүй нь нэн тодорхой. Н.Учрал хэлээд байна лээ, Чойжоо шиг, Дэлгэрсайхан, Жавхлан шиг ажилладаг сайд бас тэр бүр үгүй шүү гээд. Эл доль болсон ч эдгээр хүмүүсийг яагаад нэрлэж байна гээд ухвал шинээр томилогдсон сайд нарыг ядахдаа эдгээр хүмүүсийн дайтай ажиллах ёстой шүү гэж хэлээд байна гэсэн үг. Б.Найдалаа, З.Мэндсайхан хоёрт хэлж байгаа үг гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар бүрдүүлж байх цаг дор Б.Энхбаяр нь Л.Оюун-Эрдэнийнхээ суудлыг чичилж гүтгэгч гэж яриад л, Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимын үүдэнд хэвлэлийнхэн цуглуулчихсан Б.Энхбаярыг хэрхэн авлигач болох тухай яриад л зогсож байна лээ.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар бүлэглэлээсээ Хууль зүйн сайдаар С.Амарсайханыг тавьсан. Нөгөөх нь би хэн нэгний жад сэлэм гэж өөрийгөө хэлэхгүй гээд шууд Б.Энхбаярыг үгүйсгэж байгаа юм. Б.Энхбаяр Хэрэг эрхлэхийн сайд гээд С.Амарсайханыхаа дээхнэ талд суудалтай. Юу л болдог юм бол доо. Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар асуудалд хутгалдсан, тэрийгээ нэг мөр болгох нь хамгийн тулгамдсан асуудал. Тэдний авлига, хулгайн асуудал нэг мөр болох нь Ерөнхий сайдад үнэхээр асуудал. Ерөнхий сайдад нэг давуу тал бий. Тэр бол өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажиллуулж болохгүй гэсэн, итгэл хүлээлгэхээ зогсоосон сайдаа даруй чөлөөлөх эрх юм. Энэ эрхээ хэрэгжүүлэх замаар л, аливаа асуудал эндэгдэл гаргасан хэнийг ч тэр даруй танхимаасаа явуулж, чаддагийг нь оноож тавих зам аар урагшлахаас өөр арга Ерөнхий сайдад үгүй. Ер нь бол Н.Учрал Ерөнхий сайд хурд, манлайллаараа л энэ танхимаа чирж явах нь гарцаагүй болсон. Тийм ч учраас өөрийн бүрэн хамаарал бүхий бус танхимынхаа хэнийг ч захирамжаа гаргаад халах эрх нь Ерөнхий сайдад төгс төгөлдөр байж байгаа. Н.Учрал эхний сайдаа халлаа гэдэг мэдээ битгий л гараасай. Тэр засаг нь төр засаг шиг байж тогтвортой баймаар байна. Дэлхий дүүрэн асуудал, тэр дунд бид ч асуудлаар дүүрэн байна.Ядаж өөрсдөөсөө хамаарсан асуудалгүй баймаар байгаа юм л даа.
З.САЙНТӨГӨЛДӨР




