
УИХ-ын гишүүн Х.Баттулга Байнгын хорооны хурал болон чуулганы нэгдсэн хуралдаандаа суудаггүй, хамгийн их тасалсан гишүүн.
Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаа өнөөдөр суужээ. Энэ үеэр нь сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга авахад тэрбээр "Ерөнхийлөгчийн өргөн барьсан ёс зүйн алдаа гаргасан, чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар "Ийм хууль батлаад ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ гээд гишүүд ч зөв ярьж байна билээ. Хэлэлцэх явцад зөндөө асуудлыг ярих байх. Миний бодлоор нэгэнт сонгогдсон гишүүдийг буцаан татдаг болбол мөнгө төлбөртэй холбоотой асуудлууд гарна. Мөнгөтэй хүмүүс өдөөн хатгаж янз бүр болно гээд Ч.Лодойсамбуу нарын гишүүн их зөв ярьж байна билээ. Ер нь хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй" гэлээ. Мөн "Бүх гэрээг шалгах хэрэгтэй. Бодийн гэрээг нууцад авах асуудлыг Ерөнхийлөгч шийддэггүй. Нууцын тухай асуудлыг би олон нийтэд ярьж болохгүй. Улс орон, аж ахуйн нэгж, гэр бүлд ч нууц байдаг. Ер нь Ухаа худаг байгаа тохиолдолд улс орон хэзээ ч сайжрахгүй. Ухаа худгийнхан бүх сонгуулийг худалдаж авч байна" зэргээр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.




