
Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 мэдээллийн цагт АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт болон шинэ таван дэд дарга нь оролцож, мэдээлэл хийв. Энэ үеэр АН-ын дэд дарга Н.Ганибал "С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь АН-д дахин сэргэлт авчирлаа" хэмээн онцлов. Өчигдрийн ҮБХ-ны хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын гурван журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах бөгөөд ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах үйл явцаа батлах аж.
АН-ын дарга О.Цогтгэрэл: "АН арван жилийн хугацаанд хаалттай байсан бол үүд хаалгаа цэлийтэл нээлээ. Төлөөллийн төв байгууллага, аймаг дүүрэг, нийслэлийн намын хороодын 70 орчим хүн нь шинэ хүмүүс байлаа. Мөн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байлаа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Манай нам гурван сонгууль дараалан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй оролцсон. Ингээд намын дотоод зохион байгуулалт дуусаж, намын бодлого чиглэлээ олон нийтэд танилцуулан ажиллахад бэлэн боллоо" гэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо болон ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлээ хариуцан ажиллана. Бидний өмнө маш олон ажил байна. Зургаадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. Таван аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно"гэлээ.




