
ОХУ-ын Ялалтын баярын парад өнөөдөр Москвагийн цагаар 10:00 цагт Улаан талбайд эхэлнэ. Энэ бол Владимир Путиний хувьд жилийн хамгийн чухал арга хэмжээ. Гэвч энэ жилийн хувьд ялалтын парадын цар хүрээ цомхон болох төлөвтэй байгаа юм. Тодруулбал энэ жилийн парадад танк, хуягт машин гэх мэт цэргийн хүнд механизмууд огт харагдахгүй юм. Мөн ирэх олон улсын зочдын тоо ч цөөрчээ.Тухайлбал, энэ жилийн баярт Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисулит, Малайзын дээд удирдагч Султан Ибрахим, Беларусийн удирдагч Александр Лукашенко оролцоно. Кремль хэнд ч албан ёсоор урилга илгээгээгүй, зочид цэвэр өөрсдийн санаачлагаар ирж буй гэдгийг мэдэгдсэн. Путиний туслах Юрий Ушаков "Бид өнгөрсөн жилийнхээс ялгаатай нь энэ удаа гадаадын зочдыг зориуд уриагүй" хэмээн мэдэгдсэн билээ.




