
Монголын тогооч нарын холбооноос Монголын уламжлалт хоол болох хорхогийг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, улмаар Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээллээ. Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч Д.Буяндэлгэр "Монголын хоол үйлчилгээний салбарт өнөөдөр 90 гаруй мянган хүн ажиллаж байна. Үндэсний хоолны өв соёлоо олон улсад таниулах нь салбарын нэр хүндэд чухал ач холбогдолтой. Монгол хорхогийг дэлхийн Guinness World Records-т бүртгүүлэх санаачилгыг анх дэвшүүлснээс хойш 10 орчим жил болж байна. Энэ жил уг ажлыг бодитоор хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хандив, дэмжлэг цуглуулж, нүүдэлчдийн ахуй, уламжлалыг илэрхийлдэг хүндэтгэлийн зоог болох хорхогийг дэлхийд албан ёсоор данслуулах зорилт тавьсан" гэлээ.
Ирэх наймдугаар сарын 22-нд мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж, хамгийн олон хүн зэрэг хорхог бэлтгэсэн амжилтаар Гиннест бүртгүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн амжилтын төлөө бус Монголын уламжлалт хоол, соёлыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.
Хорхог нь хонь, ямааны махыг халуун чулуунд жигнэж болгодог Монголын уламжлалт хоол бөгөөд эрт дээр үеэс хүндэтгэлийн зоогт тооцогдож ирсэн. Сүүлийн жилүүдэд үндэсний өв соёлоо дэлхийд таниулах чиглэлээр Монгол Улсаас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн санаачилга нь монгол хоолны онцлог, нүүдэлчдийн ахуй соёлыг олон улсын түвшинд сурталчлах чухал алхам болж байна" гэв.




