
Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн захирал Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж шүүхээс,
-Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шүүн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял,
-Өмгөөлөгч П.Одонтунгалагт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оноосон.
Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдсан бөгөөд тус хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болно.




