
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ардчилсан нам эрх баригчдад шаардлага тавих үүрэг бүхий улс төрийн хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Ардын хүүхдийн амь нас яагаад авлигач Засгийн газарт хямдхан үнэлэгдэх ёстой вэ гэдэг асуудал үүний цаана бий. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэсэн учраас өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Ерөнхий сайд ард түмний өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцдаг. АТГ-ын даргын томилгооноос эхлүүлээд олон чиг үүрэг бий. Н.Учралын авлигатай тэмцэх хоосон амлалт сүржин амлалт болоод дуусаж байгаа нь хариуцлага тооцох гол үндэслэлийн нэг. Бүлгийн 100 хувийн шийдвэр гарсан. Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах албан бичигт Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсгээ зурна" гэлээ.




