УЛС ТӨРОнцлох

М.Энхцэцэг: Сэргээгдэх эрчим хүчийг зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар нийлүүлэхээр боллоо

Хуваалцах:
М.Энхцэцэг: Сэргээгдэх эрчим хүчийг зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар нийлүүлэхээр боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооноос зургаадугаар сарын 05-наас эхлэн эрчим хүчний үнийг 5 хувиар нэмсэн билээ. Эл асуудалтай холбогдуулан Монгол Улсын эрчим хүчний салбарт голлон хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний сэдвээр Эрчим хүчний доктор, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй ярилцлаа.

 

- Өнгөрөгч долоо хоногт эрчим хүч болоод дулааны үнийг 5 хувиар нэмсэн талаар мэдээлэл олон нийтэд хүрлээ. Та энэ салбарын мэргэжилтний хувьд энэ асуудлыг яаж харж байна вэ?

- Эрчим хүчний зохицуулах хороо ямар үндэслэлээр дулаан, цахилгааны үнийг нэмсэн талаар тодорхой сайн мэдээлэл аваагүй байна. Ямартай ч дулааны үнийн хувьд нэмэхээс өөр арга байхгүй. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс орон сууцанд амьдарч байгаа хүмүүсээс хэд дахин өндөр дулааны зардалтай байна. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дулааныг орон сууцанд амьдарч байгаа хүмүүс маш бага өртгөөр хэрэглэдэг гэсэн үг. 2024 оны арван нэгдүгээр сард цахилгааны үнийг нэмсэн шүү дээ. Яг үүнтэй зэрэгцүүлээд дулааны үнийг нэмэх ёстой байсан. Гэвч тухайн үед дулааны үнийг нэмээгүй хойшлуулсан. Тэгэхээр миний хувьд дулааны үнийг нэмэх ёстой гэсэн хүлээлттэй байсан.

Үйлдвэрлэж байгаа үнээсээ асар доогуур дулааныхаа борлуулалтыг хийдэг учраас энэ салбарын алдагдал маш ихээр өсөж байна. Хоёрдугаарт нь одоо дулааныхаа шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинэ эх үүсвэр барих энэ хөрөнгө оруулалтын дутагдалд орж байгаа. Харин цахилгааны үнийг таван хувиар нэмсэн үндэслэлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулах нь зүйтэй.

- Эрчим хүчний үнийг ингэж бага багаар нэмээд явах юм уу? Эрчим хүчний салбарт энэ асуудал дээр ямар шийдэл байна гэж та харж байна?

- Цахилгаан талдаа бол бид өрсөлдөөнт зах зээл рүү явах ёстой. Өрсөлдөөний үр дүн дээр л зах зээл дээрх үнэ буурдаг нь хууль юм. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдаа/auction/ гэдэг юмыг зарлаж байна. Өөрөөр хэлбэл өрсөлдүүлж байна. Энэ өрсөлдөөнөөс эрчим хүчний үнэ буурч байгаа юм.

Нийтдээ таван аймгийн том чадлын нарны станц, батарейны төсөл дээр дуудлага худалдаа зарласан бөгөөд анхны компани нь шалгараад байна. Говьсүмбэр аймагт 1кВт/цаг эрчим хүчийг 6.65 центээр сүлжээнд нийлүүлэхээр тендерт ялчихсан. Одоо Монголд байгаа том чадлын долоон ширхэг нарны станцын үнэ нь 12-17.5 цент байдаг.

- Өмнөх станцууд нь яагаад хоёр дахин өндөр дүнтэйгээр эрчим хүч нийлүүлж байна вэ?

- Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байсан учраас үнэ нь өндөр байсан юм л даа. Одоо гэхдээ сэргээгдэх эрчим хүчний технологи маш их сайжирч байна. Хөрөнгө оруулалт бол маш их буурч байгаа. Тэр утгаараа үнэ нь ч буурах ёстой юм байгаа юм. Миний хувьд 1 кВт/цаг эрчим хүч 5-6 цент рүү очих ёстой гэсэн хүлээлттэй байсан. Яах вэ, анхны аймаг бол 6.65 руу орлоо. Энэ бол сайн үзүүлэлт. Иргэдийн төлөх цахилгааны мөнгийг нэмэхгүйн тулд бид нар хямд үнэтэй эрчим хүчний эх үүсвэр оруулах аргыг л ашиглана.

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа 2025 оны 12-р сарын 26-нд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх түүхэн тогтоолыг баталсан юм. Яагаад түүхэн тогтоол гэж хэлж байгаа вэ гэхээр, хэрвээ энэ тогтоол дээр байгаа заалт болгон биелбэл олон айлууд, олон ААН-үүд маань сэргээгдэх эрчим хүч ашиглаж эрчим хүчийг хэмнэх юм. Хоёрдугаарт нь сэргээгдэх эрчим хүчний илүүдэл цахилгаанаа түгээх сүлжээнд борлуулаад орлого олно гэж байгаа юм. Одоо сүлжээнээс бол маш их цахилгаан тасалж байна шүү дээ. Тэр тохиолдолд нарны панель, батарейтай айлууд бол сайхан цахилгаантай байгаад л байна гэсэн үг. Тэгээд өөрөө эрчим хүчээ хэмнэх юм бол илүүдлийг нь түгээх сүлжээнд нийлүүлээд орлого олно гэсэн үг.



- Бага чадлын нарны станцын буюу иргэдийн илүүдэл цахилгааныг хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа вэ?

Бага чадлын нарны станцуудын 1 кВт эрчим хүчийг 285 төгрөгөөр буюу нэлээн өндөр үнээр худалдаж авах тариф баталчихсан. Одоо айлууд маш ихээр нарны панель тавьж эхэлж байна. 10кВт-ын нарны панель тавьсан айл бол сардаа 400 гаруй мянган төгрөг, 20кВт-ын нарны панель тавьсан айл бол сардаа сая гаруй төгрөг олоод явах боломжтой байна. Тэгээд анхны хөрөнгө оруулалтаа 3-4 жилийн дотор нөхөх ийм боломжийг бид бүхэн, Засгийн Газар, УИХ-аар хууль эрх зүйн орчныг нь батлаад өгчихсөн. Энэ УИХ-ын тогтоолын хүрээнд бид "3х100" гэдэг ийм том хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Эхний 100 гэдэг нь ирэх 10 жилийн хугацаанд 100 мянган айл, ААН-үүд энэ нарны панель, батарей тавиад, эрчим хүчээ хэмнээд, эрчим хүч үйлдвэрлэгч болно гэсэн үг. Жижигхэн ч гэсэн хөөрхөн үйлдвэрлэгч гэсэн үг. Тэгээд нэмэлт орлого олоод явъя гэж байгаа юм.

Хоёр дахь 100 нь болохоор 100 МВт-ын аймгийн нарны станцуудыг хэлж байгаа юм. Тэр маань одоо биеллээ олоод явж байна. Таван аймаг дээр 100 байтугай 220 МВТ-ын нарны станц, батарейны төсөл дээр одоо шалгаруулалт нь явж байна. Үүний үр дүнд өрсөлдөөний зарчмаар хямд үнэтэй оруулж ирэх гээд явж байна. Гурав дахь 100 нь болохоор 100 ширхэг цахилгаан машин цэнэглэгчийг улс орон даяар барьж байгуулах юм. Яагаад гэхээр бид нар түлш шатахууны маш их хамааралтай байна. Тэгэхээр энэ хамаарлыг бууруулах юм нь ерөөсөө л цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх. Яг одоо энэ УИХ-ын тогтоолыг баталсан УИХ-ын дарга маань одоо Засгийн газрын тэргүүн болоод Ерөнхий сайд болчихсон учраас энэ тогтоол одоо бүрэн утгаараа хэрэгжинэ. Тэр түүхэн гэдэг утга учрыг нь хангаж чадна. Тэгэхээр бол үүн дээр маш их урам зоригтой байгаа.

М.Энхцэцэг: Сэргээгдэх эрчим хүчийг зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар нийлүүлэхээр боллоо 

- Энэ тогтоолын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хэрхэн нэмэгдээд байна вэ?

- Энэ УИХ-ын тогтоол батлагдахаас өмнө бол Улаанбаатар хотод 79 айл, ААН л нарны панель, батарейтай байсан. Сүүлд тавдугаар сарын 22-ны байдлаар мэдээ авахад бол 205 болсон байна. Аймгуудаас бол хамгийн сайн хэрэгжүүлж байгаа нь бол Ховд аймаг байна. Ховд аймагт 20кВт-ын нарны панелийг нэлээн олон айлууд тавьж байна. Бид энэ УИХ-ын тогтоолоор маш олон боломжуудыг ард иргэдэд бий болгоод өгсөн байхгүй юу. Гол нь тэр боломжийг сайн мэдэхгүйгээс болоод төдийлөн ашиглахгүй байх шиг байна. Тухайлбал 20 кВт хүртэлх нарны панелийг айл өрхүүд маань техникийн нөхцөлгүйгээр түгээх сүлжээнд холбох боломжтой болгочихсон. Өмнө нь бол бүр зургаан сар яваад техникийн нөхцөлөө авч чадахгүй бууж өгсөн айлууд маш их байсан.

- Одоо энэ хүнд суртлыг нь чөлөөлж чадсан уу?

- Одоо бол 20 кВт хүртэлх нарны панелийг ерөөсөө л 11 хоногийн дотор түгээх сүлжээнд холбох боломжтой болгосон. Дээрээс нь та илүүдэл цахилгаан сүлжээнд зарж байгаа орлогоо сар болгон авдаг болсон. Өмнө нь бол сар болгон өгч чаддаггүй, жилдээ нэг тооцож өгдөг гээд асар их хэмжээний авлага хуримтлагдаад явж байсан. Яагаад бид нар аймгууд дээр том чадлын нарны панель, батарей тавих ёстой вэ гэхээр өнөөдөр цахилгаан хангамжийн асуудал бол маш эрсдэлтэй байгаа. Тухайлбал Эрдэнэтээс Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Завхан гээд нийтдээ есөн аймгийн 140 гаруй сум цахилгаанаар хангагддаг. Хэрэв Эрдэнэт станц дээр тасралт гарлаа гэхэд энэ олон аймаг, сумд хөлдөх эрсдэлтэй.

Тийм ч учраас л би анх гишүүн болсон цагаасаа авхуулаад л энэ найдвартай цахилгаан хангамжийг ярьж, аймгийн төвүүд дээр том чадлын нарны панель, батарейг тавья гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Бид эрчим хүчээ хямдхан үйлдвэрлэж чадаж байвал хэрэглэгч дээрээ хямдхан цахилгаан л аваачна гэсэн үг шүү дээ. 

- Энэ таван аймгийн станц дээр яагаад дуудлага худалдаа зарлах болсон бэ?

- Эрчим хүчний үнийг хямдхан болгох ганц арга нь ерөөсөө л өрсөлдөөн. Олон компани өрсөлдөх л юм бол хямд үнэтэй болно. Саяны таван аймгийн энэ дуудлага худалдаанд анх нийтдээ 115 компани оролцох сонирхлоо илэрхийлсэн. Гэвч дуудлага худалдааны шаардлага дээр оролцох компаниудыг нэг төсөл дээр 250 мянган ам.долларыг "Диспетчерийн үндэсний төв"-ийн компанийн дансанд маш богино хугацаанд байршуул гэсэн. Би үүнийг шууд эсэргүүцсэн. Яагаад гэвэл энэ таван төсөл дээр тавууланд нь оръё гэхээр 1 сая ам.долларыг "Диспетчерийн үндэсний төв"-ийн дансанд байршуулна гэсэн үг. Энэ чинь маш хүнд шүү дээ. Энэ шаардлагаас болж оролцох компаниудын тоо буурсан.

"Өрсөлдөөнийг бууруулах гээд байна. Та нар зүгээр банкны баталгаа шаардаж болно шүү дээ. Тэрнээс биш 1 сая ам.долларыг хэн ч мэдэхгүй Монголын компанийн дансанд байршуулна гэдэг боломжгүй зүйл. Уг нь бол илүү олон компани орсон бол өрсөлдөөд үнэ маань доошоо л орох ёстой байсан. Би үүнд жаахан харамссан. Гэхдээ эхний аймаг дээр бол 6.65 цент гэдэг нь сайн. Одоогийн тарифаас хоёр дахин хямдхан орж ирлээ. Дараагийн аймгууд дээр илүү их буурна гэж бодож байгаа. Энэ чинь ерөөсөө л олон улсад батлагдсан арга. Тэрийг анх удаа хэрэгжүүлж байна. Их баяртай байна.

- Баярлалаа.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих