Өмнөговь аймагт уул уурхай эрхлэгчдийн үйл ажилллагаанд шалгалт хийлээ

Хуваалцах:
Өмнөговь аймагт уул уурхай эрхлэгчдийн үйл ажилллагаанд шалгалт хийлээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн 7 хяналтын чиглэлийн хамтарсан ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёр, туслан гүйцэтгэгч 18, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч гурав, хууль бус ашиглалтын нэг, тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар алт олборлосон эзэнгүй орхисон хоёр талбай зэрэг нийт 37 объектыг хамруулжээ.

Мөн Гурвантэс, Ноён, Баяндалай сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын тав, хайгуулын нэг, нийт зургаан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 270 хайгуулын цооногийг шалгахад 143 цооногийг холбогдох журмын дагуу нөхөн сэргээсэн бол 127 цооногт нөхөн сэргээлт хийгээгүй, шав тавьж битүүмжлээгүй, тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй зөрчил илэрсэн байна. Үүнээс 126 цооног нь “Энх тунх орчлон” ХХК-ийн уурхайн бүсэд хамаарч байгаа аж.

Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 432 зөрчил, дутагдал илэрсний 49 нь байгаль орчны, 68 нь геологи, уул уурхай, газрын тосны, 212 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, 103 нь стандарт, хэмжил зүйн чиглэлийн зөрчил байна.

Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан 32 аж ахуйн нэгжид нийт 389 заалт бүхий 44 хугацаатай албан шаардлага хүргүүлж, гурван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Түүнчлэн 30 зөрчлийг прокурорын нэгдсэн санд бүртгүүлж, найман зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хоёр аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн хоёр асуудлыг харьяаллын дагуу шилжүүлж, дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хэсэгчлэн түр зогсоосон байна.

Үүнээс гадна гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн материалжуулж, холбогдох журмын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нөхөн сэргээлт хийгээгүй хайгуулын цооногуудыг стандартын дагуу нөхөн сэргээж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авах шаардлагыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх