Үндэсний их баяр наадам 2026 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох бөгөөд Засгийн газрын шийдвэрээр долоодугаар сарын 10-19-ний хооронд нийт арван хоног бүх нийтээр амарна. Баяр наадмын өдрүүдээр төмөр зам болон агаарын боомтууд хэвийн үйл ажиллагаагаа явуулах юм.
Автозамын хилийн боомтуудын хувьд:
-ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Эрээнцав, Ханх боомт хэвийн ажиллах бол Цагааннуур (Баян-Өлгий), Боршоо, Тэс (Увс), Арцсуурь (Завхан), Ульхан (Дорнод) боомтыг долоодугаар сарын 9-ний орой хааж, 16-наас хэвийн горимд шилжих юм байна.
-БНХАУ-тай хиллэдэг 12 автозамын боомтыг бүгд долоодугаар сарын 10-ны орой хааж, 16-ны өглөө нээх юм байна.
Хил хаахаас өмнө оруулж ирсэн импортын ачааны гаалийн бүрдүүлэлт наадмын өдрүүдэд хэвийн явах юм байна.
Харин гүний гаалийн ачаа хүлээн авах терминалуудыг хувийн байгууллагууд хариуцан ажиллуулдаг тул бараа, тээврийн хэрэгслээ заавал хүлээн авах шаардлагатай аж ахуйн нэгжүүд тухайн терминал эрхлэгчтэйгээ урьдчилан тохиролцохыг Гаалийн ерөнхий газраас зөвлөв.
Наадмын амралтын өдрүүдэд харьяа гаалийн газар, хороодод "хариуцлагатай жижүүр" ажиллаж, шаардлагатай тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг хийн ажиллах аж. Иймд аж ахуйн нэгж, иргэд яаралтай хүлээн авах шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийн мэдээллээ тээвэр зуучийн байгууллага болон гаалийн хяналтын бүсийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэх ёстой бөгөөд бүрдүүлэлтийн цахим төвийн ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан албан хаагчдыг нэмэлтээр татан оролцуулж, хариуцлагатай жижүүр байцаагчид аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэнэ гэв.




