
Ардчилсан намаас "4/11" мэдээллийн ээлжит цагаараа төсвийн тодотгол болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл өгөхийн сацуу наймдугаар сардаа багтан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, 2026 оны төсвийн тодотголыг хийхийг шаардлаа.
Учир нь, энэ оны төсвийн алдагдал 2.1 их наядад хүрсэн тул Засгийн газар, төрийн байгууллагууд бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжихээр болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Махны үнэ өссөнийг Ерөнхий сайд мэдээд, зарим нэг дарга нартаа гомдоод байсан. Харин монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо өнгөрсөн хугацааны эрх баригчдын алдаатай бодлогод гомдож байгаа шүү. Шатахууны хомсдол дараагийн инфляцын өсөлтийн давалгааг авчирч болзошгүй байна. Эндээс иргэдээ хамгаалах бодлого байна уу. УИХ яаралтай ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголоо хэлэлцэж батлах хэрэгтэй" гэлээ.




