НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын XYII Бага хурал буюу COP17 өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XYII Бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо “Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ. Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн есөн улсыг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэх зорилготой.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ удаагийн хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой асуудал болон газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэх юм.
COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгчид, Засгийн газар, бизнес, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, залуус, уугуул иргэд, малчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор төлөвлөжээ.
Энэ удаагийн хурал нь “Газраа сэргээе. Найдвараа сэргээе” уриан дор зохион байгуулж байна. Хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, дараагийн хоёр долоо хоногт талууд газрын доройтол, цөлжилт, ган гачгийн эсрэг хэрэгжүүлэх бодлого, шийдлийн талаар хэлэлцэх юм. COP17-ын дээд түвшний уулзалтууд хурлын хоёр дахь долоо хоногт буюу наймдугаар сарын 24-26-нд болох бөгөөд сайд нарын түвшинд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал болон санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.





























































































