
Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагч Улаанбаатар хотоос Приус маркийн автомашин худалдан авч, наймдугаар сарын 9-ний өдөр Баянхонгор руу явах хүмүүс суулган хөдөлсөн байна. Тус автомашинд жолоочоос гадна таван зорчигч буюу Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажилладаг гурван хүн болон жирэмсэн эмэгтэй зургаан настай хүүгийн хамт зорчиж явжээ.
Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл 600 км зайтай. Жолооч замын талаас илүүг өөрөө туулснаа "нойр хүрээд байна" хэмээн автомашинд зорчиж явсан 35 настай эрэгтэйд жолоогоо шилжүүлжээ. Улмаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр, Эрдэнэхөндий гэх газарт наймдугаар сарын 10-ны өглөө 05.00 цагийн орчимд тус автомашин үерийн усны эргүүлэгт орсноор хоёр том хүн, нэг хүүхэд амь насаа алдсан байна. Тухайлбал, жолоо барьж явсан залуу, жирэмсэн эмэгтэй хүүгийн хамт харамсалтайгаар амиа алджээ.




