
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болсон. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцын оочер дугаарлалтыг багасгах үүднээс утсаараа цаг захиалдаг болох шийдлийг танилцууллаа. Тэрбээр "Хүнд цаг үеийг бид хэрэлдэж муудаж биш ойлгож хүлээн авч эвлэж давж гарах ёстой. Ашигт малтмал газрын тосны газарт хийж буй цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй юм байна. Мөн түүнээс гадна түгээгчгүйгээр QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажлыг хийж байна.
Аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажил руугаа орно биз. Аппликэйшнээр цагаа захиалаад шатахуун аваад явдаг болно. Дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь руу шилжмээр байна. Эрүүл мэндийн систем оочерлоод бужигнаад эмнэлэг дээр зогсдог байсан бол цагаа аваад явдаг болчихлоо. Үүнтэй ижил шатахуунаа ухаалаг шийдлээр хийх ёстой. Бид энэ удаагийн хүндрэлийг даваад гарч байна. Удахгүй тайван байдалд шилжүүлэхийн төлөө манай албаныхан ажиллаж байна" гэв.




