Жил бүрийн найм, есдүгээр сард залилах гэмт хэрэг нэмэгддэг

Хуваалцах:
Жил бүрийн найм, есдүгээр сард залилах гэмт хэрэг нэмэгддэг

Прокурорын байгууллага 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 30 597 залилах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 16 271 буюу 53.2 хувь нь тухайн онд шинээр бүртгэн шалгасан хэргүүд байна. Шинээр бүртгэн шалгасан 16 271 хэргийн 924 нь зөвхөн наймдугаар сард шинээр бүртгэгджээ. 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр  "Жил бүрийн наймдугаар сараас эхлэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн яарсан, анхаарал болгоомж суларсан нөхцөл байдлыг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг. Иймд иргэд та бүхэн аливаа зар мэдээлэлд шууд итгэлгүйгээр сайтар нягталж, шалгах нь зүйтэй.

Ялангуяа орон сууц түрээслэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах, төрөл бүрийн сургалт, үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр нэхэж байгаа тохиолдолд сайтар нягталж шалгаарай. Мөн үл таних этгээдэд банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн болон санхүүгийн мэдээллээ хэзээ ч бүү шилжүүлэн өгөөрэй. Залилагч этгээдүүд тухайн гэмт хэргээ үйлдэхдээ танаас яаралтай мөнгөө шилжүүл яг одоо мөнгөө шилжүүлбэл таны бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулах гэж байна гэх зэргээр сайтар тунгааж, шийдвэр гаргуулахгүй байх нөхцөл байдлыг бий болгодог. Эргэлзээтэй мэдээлэл, санал хүсэлттэй тулгарсан тохиолдолд ойр дотнын хүндээ хэлэх, холбогдох байгууллагад хандах нь зүйтэй" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх