
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны наймдугаар сарын 24-28-нд анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн зарим хэргийн талаар мэдээллээ. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагч Б.Б нь албан үүргээ хэрэгжүүлсний хариуд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас есөн удаагийн үйлдлээр нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Шүүхээс түүнд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял оноож, 58.9 сая төгрөгийг улсын орлого болгосон байна. Хахууль өгсөн Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарт нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилээр хасаж, 2.7-8 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Мөн Т.Ж, Н.Ү, Н.М нар Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, нийт 494.9 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан хэрэгт холбогдсон байна. Шүүхээс Т.Ж, Н.М нарыг гэм буруутайд тооцож, 3-4 жилийн хорих ял оноожээ. Харин Н.Ү-г мөнгө угаах болон худалдаалах зорилгогүйгээр 110.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт хоёр жил зургаан сарын хорих ял оногдуулсан байна. Мөн Б.А, Ц.Л нар нь иргэний эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт холбогджээ. Шүүхээс Б.А-д тав, Ц.Л-д дөрвөн жилийн хорих ял тус тус оноож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон гэмт хэргийн орлого болох нийт 22.4 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.




