Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Чан Тхань Ман гэргийн хамт Монгол Улсад есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх ажээ.
Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Чан Тхань Ман Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Монголд айлчилж байгаа бөгөөд энэ нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болохыг Вьетнамын хэвлэлүүд онцолсон байна.
Монгол, Вьетнам улс 1954 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2024 оны есдүгээр сард харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн билээ. Түүнээс хойш манай хоёр улс улс төр, парламент, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.
Монгол, Вьетнамын хоёр талын худалдааны эргэлт 2025 онд 155 сая ам.доллар давсан бөгөөд Вьетнамын Монгол руу хийсэн экспорт 100 сая ам.доллароос давжээ.
Вьетнамын Монголд экспортолж буй гол бүтээгдэхүүнд гар утас, электрон эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, угаалгын бодис, гоо сайхны бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс, цагаан будаа, үр тариа, чихэр, шар айраг, кофе, эм, лаазалсан жимс, өндөг, тахианы мах зэрэг багтдаг.
Харин Вьетнам Монгол Улсаас хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн, мөн нэхмэл, оёдол, арьс шир, гутлын үйлдвэрлэлд ашигладаг түүхий эд, материал импортолдог байна.