АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1072 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 34 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1023 хэрэг шалгагдаж байгаа аж.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.





























































































