
АТГ 2026 оны есдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс арван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1035 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 996 хэрэг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт хоёр объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Э-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Д.Ү нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 140 сая төгрөгийн хахууль өгсөн, нийтийн албаны удирдах албан тушаалтан Б.С нь албан тушаалын байдлаа урвуулан өөртөө давуу байдал бий болгож, улмаар байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсан, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Б.М нь нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож төрийн өмчит хуулийн этгээдэд 539,2 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс




