
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Ц.Идэрбат ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Саятан сүрэг" гэх дэлгүүрээр дамжин БНХАУ-ын "арвас" үйлдвэрийн ухныг малчдад зарсан байна. Гэтэл Монгол Улсад гаднаас эцэг мал оруулж ирсэн тухай мэдээлэл дотор "арвас" үйлдвэрийн малын мэдээлэл байхгүй. Иймд хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа ба тус асуудлыг Тагнуулын ерөнхий газраар шалгуулахаар болсноо мэдээллээ.
Түүнчлэн хилээр орж ирсэн тус үйлдвэрийн эцэг малд Мал эмнэлгийн хяналт огт ороогүй бөгөөд ямаануудыг зарсан гэх "Саятан сүрэг" дэлгүүр хаашаа хэдэн ухна зарсан тухай мэдээллээ бүрэн хэлэхгүй байгаа. Хотоо харлуулаад, эрдэнэт мал сүргээ устгах хашаа руу туугаад оруулж байгаа малчин хүний сэтгэлзүйг маш сайн ойлгож байна. Иймд нэгдүгээрт малчдаа бодно. Монгол Улсад гарч байгаа малын гоц халдварт өвчин яг хаанаас гарсан нь мэдэгддэггүй. Зэрлэг амьтнаар дамжин орж ирлээ л гэдэг. Энэ удаагийн өвчин бол хууль бус үйлдлээс болсон байна гэдэг нь эхний байдлаар тогтоогдож байна" гэв. Тиймээс тагнуулын байгуулага болон Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шуурхай шалгуулна гэлээ.




