
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байсан нэгэн шийдвэрийг эргэн "амилуулжээ". Тэрбээр Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, цахилгаан дугуй, мопедтой холбоотой зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэсэн ба мопед болон скүүтэрийг 10-16 насны хүүхдүүд зөвхөн явган хүний болон дугуйн замаар унах зохицуулалтыг оруулж өгсөн гэлээ. Хүүхдүүд мопед скүүтерийг явган хүний замаар унаж давхиснаас осол аваарын тоо эрс нэмэгдэж, иргэд ч чөлөөтэй тайван зорчих боломжгүй болсон юм. Хэзээ хаанаас гарч ирээд дайрчих бол гэсэн айдас хүйдэстэй байсан явган зорчигчид удаа дараа шаардлага тавьснаар 18 нас хүрээгүй бол мопед скүүтер унахыг хориглосон шийдвэрийг Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн долоодугаар сард гаргаж байлаа. Хэсэгтээ нуруу нь тэнийгээд байсан явган зорчигчид энэхүү эрсдэлтэйгээ дахин нүүр тулах нь.
Хууль зүй дотоод хэргийн сайдын энэхүү шийдвэр явган зорчигчдод ч, хүүхдүүдэд ч давхар эрсдэл учруулж буй юм. Явган хүний замаар залуус мопед, скүүтер унаж хурдтай давхиснаас иргэдийг мөргөж бэртээн, гэмтээхээс гадна өөрсдөө ч осолдон эрүүл мэндээрээ хохирох аюултай. Хамгийн гол нь насны хязгаар. Арав гэдэг балчир нас. Тэднийг мопед, скүүтерээр зорчихыг зөвшөөрөх нь осол, аюул руу шууд түлхэж буй хэрэг юм.
Улсын хэмжээнд 34,000 орчим мопед, скүүтер, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч найман аж ахуйн нэгж байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л мопед, скүүтерийн хамааралтайгаар осол, гэмтлийн тоо эрс нэмэгдэж, 2025 онд 200 орчим хүүхэд залуус гэмтсэн бол энэ онд 330 болж нэмэгдсэн байна. Гэвч энэ бүхнийг үл огоорон 10-16 насны залуусын цаашлаад явган зорчигчдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан байж бизнес нь зогсонги байдалд ороод буй мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч эздийн талд шийдвэр гаргаж, эрх ашгийг нь хамгаалаад байна уу гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.




