
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж эхэлсэн.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлгийг Боловсролын болон Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа. Монголд 291,998 хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна. Одоогоор 118,090 хүүхдийг хамруулаад байна. Өмнө нь 2023 онд ийм төрлийн эрт илрүүлгийг туршилтын байдлаар явуулсан. Тухайн үед 78 мянган хүүхдийг хамруулсан.
Энэ удаагийн эрт илрүүлэгт хүүхдийг насны онцлогт тохирсон үзлэг хийж байгаа. Жишээ нь, гурван настай хүүхдэд аутизм, 15 настай хүүхдэд сэтгэл зүйн гэх мэт. Эрт илрүүлгийн хамгийн чухал нь үзлэгийн дараах хяналт, тусламж юм. Эрт илрүүлгээр хүүхдийн эрүүл мэндийн байдлыг дөрвөн түвшинд үнэлж байгаа. А нь ямар нэг асуудалгүй, B нь эрсдэлтэй, C нь тодорхой хэмжээнд эрсдэл гарч байгаа учраас эмнэлэгт үзүүлэх, D нь нэг сарын дотор лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлээд эмчлүүлэх шаардлагатай гэсэн үг юм.
Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 26 хувь нь A үнэлгээтэй байна. C, D үнэлгээг онцлох шаардлагатай байгаа юм. Эрт илрүүлэгт хамрагдаад байгаа хүүхдүүдийн 39 хувь нь C үнэлгээтэй байгаа бөгөөд тэдний дийлэнх нь амны хөндийн өвчлөлтэй байна. Харин D үнэлгээ нь найман хувийг эзэлж байгаа. Энэ нь хүүхдийн хөгжил буюу хэт тарган, байх ёстойгоосоо намхан эсвэл өндөр гэх зэрэг үзүүлэлтийг харуулж байна" гэв.




