
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.
Энэ үеэр олон улс судлаач П.Мягмардоржийн өгсөн мэдээллийг хүргэе.
Тэрбээр, “1921 онд Ардын Засгийн газар байгуулсан тэр үеэс Монгол Улс гуравдагч хөршийг эрэлхийлж, яаж дэлхийтэй харилцах вэ гэхэд хамгийн их боловсролтой, бичиг үсэг тайлагдсан байдлаараа Герман тухайн үед дэлхийн номер нэг улс байсан. 1926 оноос анх удаа Германд анхны 35 сурагчийг суралцуулсны дотор Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Н.Наваан-Юндэн нар орж, тухайн үеийн утга зохиол, урлагийн томоохон гол төлөөлөгчдийг Германд бэлдсэн байдаг. Харамсалтай нь, 20-иод оны төгсгөл 30-аад оны эхээр сурагчдыг эргүүлэн татсанаар Монгол, Германы харилцаа түр сааталд орсон.
1990 оны аравдугаар сарын 3-нд хоёр Герман нэгдсэнээр харилцааг 1974 оноос тооцож эхэлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж байгаа энэ удаагийн айлчлалыг хариу айлчлал гэж ойлгож болно. Айлчлалын гол утга учир юунд байна вэ гэвэл Германы тал хоёр талын харилцааг 100 жилийн түүхээр, боловсролын харилцаа хамтын ажиллагаа тогтсоны 100 жилийн түүх гэж онцлоод байгаа юм.
1995 онд тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат ХБНГУ-д айлчилж, хоёр талын харилцааны үндсийг тогтоох тухай хамтарсан тунхаглалыг баталснаар шинэ эрин үеийн суурийг эрх зүйн хүрээнд тавьсан байдаг. Хамгийн чухал айлчлалын нэг бол 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч ноён Хорст Хелер Монголд хийсэн айлчлалаар иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. Үүний дараа ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайр 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд харилцааны дээд төвшинд авчирч, стратегийн төвшинд очсоноор улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан гээд бүх шатны харилцааны суурийг тавьж, бие биеэ дэмжих энэ бүхний эрх зүйн суурийг тавьсан.
Өнөөдрийн хариу айлчлал энэ харилцааг баталгаажуулах, боловсрол шинжлэх ухаан, уул уурхай, аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг батлах харилцан тунхаглал батлах төлөвлөгөөтэй юм" гэлээ.




