
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу АТГ-ын даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахад дөрвөн сарын дараа хариу ирсэн талаар мэдээллээ.Тэрбээр АТГ-ын даргыг эрх баригч намын даргын нөлөөгөөр томилдог тогтолцоог өөрчилж, парламентын нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авсан хүнийг томилох зохицуулалт бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Засгийн газраас ирүүлсэн саналд уг хуулийг баталбал АТГ-ын улс төрийн нөлөөнөөс ангид байх баталгаа суларна гэжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “АТГ-ын даргыг ялсан намын дарга томилохоор авлигатай хийх тэмцэл улс төрийн зэвсэг болоод байна. Тийм учраас парламент дээр авчирч, нээлттэй сонгон шалгаруулалтаар таван хүнээс хамгийн өндөр санал авсан нэг хүнийг АТГ-ын даргаар томилъё гэсэн хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл Засгийн газраас дөрвөн сарын дараа ирсэн хариуд энэ хуулийг баталбал АТГ-ын улс төрийн нөлөөнөөс ангид байх баталгаа суларна гэсэн байна. Одоо тэгээд улс төрийн нөлөөнөөс үнэхээр ангид байгаа учраас авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг хил давуулан зугтаалгаж, зарим хэргийг шалгаж шийдвэрлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Харин сөрөг хүчнийхэн болон эрх баригчдын эсрэг байдаг хүмүүс рүү чиглэсэн ажиллагаа явуулдаг. АТГ улс төрийн нөлөөнд байгаа нь Монголын гурван сая хүний нүдэн дээр ил байгаа асуудал” гэв.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлан өргөн барих эрхтэй. Хууль тогтоох үйл явцад Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүйг онцолсон байна. Тэрбээр Засгийн газраас ирүүлсэн саналуудыг боломжтой хэмжээнд тусгаж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдэгдээд, уг асуудлыг улс төржүүлэхгүй байхыг УИХ-ын даргаас хүсэв.




