ЦЕГ: Баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд зарна гэж 200 гаруй иргэнд 10 тэрбумын хохирол учруулсан

Хуваалцах:
ЦЕГ: Баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд зарна гэж 200 гаруй иргэнд 10 тэрбумын хохирол учруулсан

ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Энэ оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд нийт гэмт хэргийн 34 хувь буюу 15,628 нь залилах гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн энэ төрлийн хэргийн 53.7 хувийг илрүүлж, 12,851 хэрэг буюу 82,2 хувийг шийдвэрлэсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн.

Нийт залилах гэмт хэргийн 11,939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн.  Тухайлбал, "Онлайн алтны захиалга" гэх нэрийдлээр баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд үнээр зарна гэх утгатай зар байршуулж, 200 гаруй иргэнд арван тэрбум;

Мөн “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх утгатай зар байршуулж, 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөгийг залилж, хохирол учруулсан хоёр бүлгийн таван иргэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн богино хугацаанд өндөр ашиг амласан саналд хууртахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Цахим орчинд үйлдэж байгаа залилах төрлийн гэмт хэрэг нь хэзээ ч нэг дансаар үйлддэггүй, хэд хэдэн дансныг богино хугацаанд дамжин виртуал хөрөнгө болгон хувиргаж гадаад улс руу гаргаж байна.

Цагдаагийн байгууллага нь иргэдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор залилагчийн ашигласан дансыг царцаах, барилт хийх зорилгоор “Антискам” төв хэлбэрээр 24 цагаар ажиллаж байна.

Иргэд залилах төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 тусгай дугаарт хандах шаардлагатай гэлээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх