
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалга болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах хотын албан татварыг хоёр хувиас нэг хувь болгон бууруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжив.
Төсвийн тодотголд, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, шатахууны үнийн өсөлттэй холбоотой зардал болон хэрэгжилтийг нь хангасан ч санхүүжилт дутуу зарим ажлын төсвийг тусгажээ. Мөн энэ онд эхлүүлж, дуусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн зардлыг хэмнэхэд чиглэж байна. Түүнчлэн авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг 2027 оны төсөвт тусгах, хотын албан татварын хувь хэмжээг бууруулах, Багануурын нүүрс-химийн үйлдвэр болон “Сэлбэ 20 минутын хот” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв.
НИТХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэж, ирэх долоо хоногийн даваа гарагт хуралдах НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.




