МЭДЭЭ

Ч.Сайханбилэг 330-р тогтоол баталсныхаа төлөө АТГ-т шалгагдах ёстой!

Хуваалцах:
Ч.Сайханбилэг 330-р тогтоол баталсныхаа төлөө АТГ-т шалгагдах ёстой!
Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-н өмчид шилжүүлэх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хууль зөрчсөн байдаг. Уг тогтоолыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар ч бус УИХ-р шийдвэрлэх ёстой байсныг тэр үед сөрөг хүчин байсан МАН-хан мэдэгдэж байсан юм. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед яаран шийдвэр гаргаж ЗГ-хаа тал гишүүдийн оролцоотой хууль зөрчиж 330-р тогтоолыг баталсан бөгөөд өнөө хүртэл хариуцлага үүрээгүй байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхи болсон МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Л.Мөнхбаатар, Л.Энхболд нар 2017.01.24 сэтгүүлчдэд мэдээлэл хийж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны зургаадугаар сард гаргасан 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэсэн. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тухайн үеийн мэдэгдэлдээ: -УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д худалдсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч, шалгасан. Ажлын хэсгийн шалгалтын зорилго гурван үндсэн чиглэлийг хамарлаа. Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн үү, гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уу гэдэг асуудал, Хоёрдугаарт, 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэх асуудал, Гуравдугаарт, банктай холбоотой худалдан авалт болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар, тус үйлдвэрийн 2016 оны зургаадугаар сарын 30-наас 2016 оны  арваннэгдүгээр сар хүртэл хийсэн гүйлгээг шалгах хүрээнд хүрээнд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны төлөөлөл багтсан мэргэшсэн дэд ажлын хэсгүүдтэй ажилласан. Хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд энэ худалдан авах ажиллагаа явагдсан уу гэдэг асуудлыг шалгаж үзээд хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт ажлын хэсэг гаргасан. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2016 оны зургаадугаар сард гаргасан 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ. Энэхүү худалдан авах ажиллагаагаар Үндсэн хуулиас эхлээд өнөөдөр мөрдөж байгаа Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн. Том агуулгаар нь дүгнэхэд, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн. Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгасан. Нийтдээ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна.  Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна. Ямар компаниудаас “Монголын зэс корпораци”  400.27 сая америк долларыг зээлж авсан бэ гэвэл “Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг компаниас 62.9 сая доллар,”Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар, “Юнайтед энержи систем” компаниас 70.0 сая америк доллар, “Канетик” компаниас 68 сая америк доллар  авсан байна. Өөрөөр хэлбэл, нэр дурьдсан компаниудад Худалдаа хөгжлийн банк зээл олгож, уг мөнгийг нь “Монголын зэс корпораци” авч, мөнгө босгон, босгосон мөнгөөрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг авсан байна. Энэ нь Банкны тухай хуульд заасан арилжааны хэлцэл хийж, бизнесийн ашиг олох замаар хадгаламж эзэмшигчийн мөнгийг банк ашиглаж болохгүй гэсэн хуулийн заалтыг Худалдаа хөгжлийн банк зөрчсөн гэсэн үг юм. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргасан. Ерөнхийдөө 49 хувийн хувьцааг худалдаж авахдаа босгосон мөнгө зэрэг  асуудлаас харахад төр 100 хувь эзэмшилдээ авах ёстой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг Засгийн газар ийм замаар хувьд өгдөг нь буруу гэсэн байр сууринд хүрсэн. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкинд Хөгжлийн банк, Монголбанкнаас дамжуулан зээлдүүлсэн нэртэй хууль бусаар олгосон нийт 200 гаруй тэрбум төгрөг, 71 сая америк доллар, дээрээс нь Хөгжлийн банкнаас байршуулсан бондын мөнгө бас байгаа. Энэ бүх мөнгөөр Засгийн газар хэлцэл хийх замаар 49 хувийг буцаан авч,  ард түмний өмч, татвар төлөгчийн хөрөнгийг төр өөртөө авч ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёр дахь асуудал нь өнөөдөр арилжааны банкуудад явагддаг хууль бус зарим зүйл байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд олон банк дампуурсан.  Үүнтэй холбоотойгоор банкны эзэд өөрсдөө бизнес хийх зорилгоор хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үргүй зарцуулдаг, энэ хэрээр  банкны хөрөнгийн чадавхи муудаж дампуурах нөхцөл байдал үүсч болохуйц үйл явдал гаргахаас болгоомжлохыг дүгнэлтэд дурьдсан. Нэг банкны хувьцаа эзэмшигч тухайн нэг банкиндаа л хувьцаа эзэмших ёстой. Гэтэл Д.Эрдэнэбилэг өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны 93 хувийг, Улаанбаатар банкны 99.8 хувийг эзэмшиж байна. Энэ нь хуулийн шаардлага биелэгдэхгүй байна гэсэн үг. Банкийг тойрсон нэр бүхий албан тушаалтнууд, тухайн банкинд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, бусад салбар газрын захирлаар ажиллаж байсан залуучуудаар дамжуулан байгуулсан компаниудаар дамжиж бүх арилжааны бизнесийг хийж байна. Тийм учраас энэ байдлыг засах ёстой гэсэн асуудлыг Монголбанкинд хариуцуулахаар даалгаж байна. Ийм байдлаар худалдан авалт явагдсан учраас 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад тусгасан “Засгийн газар худалдаж авахгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзсэнийг дахин цохон тэмдэглэе "- гэсэн юм

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих