МЭДЭЭОнцлох

Дэд түрүүч М.Анандцэгц: Цэргийн албыг гаднаас харах, дотор нь байх хоёр асар их ялгаатай шүү

Хуваалцах:
Дэд түрүүч М.Анандцэгц: Цэргийн албыг гаднаас харах, дотор нь байх хоёр асар их ялгаатай шүү

“Эх орны хүү” булангийнхаа зочноор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч М.Анандцэгц, байлдагч Х.Бат-Эрдэнэ нарыг урьж ярилцлаа. Тэд журмын нөхөд учраас хамтад нь онцолж байна.

Эрхэм дэд түрүүч, байлдагч хоёр маань өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Дэд түрүүч М.Анандцэгц: Би 23 настай, англи хэлний багш мэргэжилтэй. Эмээ, ээж, эгчтэйгээ амьдардаг. Нийгмийн идэвхтэй гишүүн гэж хэлж болно. Орхон аймгийн усанд сэлэлтийн 25 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд мөнгө, хүрэл медальтай. Мөн аймгийнхаа “Open mic Erdenet” ашгийн бус төслийн санаачлагч.

Байлдагч Х.Бат-Эрдэнэ: Би 22 настай. Ам бүл тав, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Механик инженерийн мэргэжилтэй. 2018 онд "Abu robocon” тэмцээнд “Шинэ Монгол технологийн коллеж”-ийн “New Robo” багийн ахлагчаар сургуулиа төлөөлөн оролцож, тусгай байрын шагнал хүртсэн. Япон хэлний N4 түвшинтэй.

Дор бүрнээ амжилттай, хөдөлмөрч залуус байна шүү. Цэргийн албанд ирснээр гарсан өөрчлөлт...

Дэд түрүүч М.Анандцэгц: Зэвсэгт хүчин гэдэг маш том айл. Олон мянган залуус, охид алба хаадаг салбар. Өөрөөр хэлбэл, нийгмийн нэг том салбар. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг ганц нэг ухамсаргүй залуусын гаргасан үйлдлээр салбарыг нь төлөөлж, гүтгэн доромжлох байдал өнөөдөр нийгэмд их ажиглагддаг. Нэг буруу зүйл гарлаа гэхэд л салбараар нь савлуулчихдаг. Энэ байдал надад таалагддаггүй. Хамгийн том өөрчлөлт гэвэл цэргийн албыг мэддэггүй хүн л хамгийн муулж орилдог юм байна гэдгийг ойлгосон. Цэргийн алба хаасан залуусын амнаас хэзээ ч албаа үгүйсгэж, цэрэг дайчдыг доромжлох сэтгэл төрөхгүй. Яагаад гэхээр тэд цэргийн албаны үнэ цэнийг хамгийн сайн ойлгоод халагддагт нь учир байгаа юм. Мэдээж эх оронч үзлээс гадна цагийн менежмент их сайтай болж байх шиг байна.

Байлдагч Х.Бат-Эрдэнэ: Миний хувьд цэргийн албанд харин ч хожуу ирлээ гэж боддог. 18 нас хүрээд л ирсэн бол өдийд дэг журамтай, бусадтай эвтэй харьцах чадвартай болчихсон байх байсан болов уу. Үе тэнгийнхээ олон залуустай хамт амьдраад, хамт хооллоод, бүхнийг хамтдаа хийгээд ирэхээр хүнтэй харилцаж сурах том соёлд суралцаж байна. Бусдыг арга эвийг олж, нөхдийгөө зоригжуулж, урам өгч чаддаг болсон доо. Анх би цэрэгт ирээд шууд л буудах байх даа гэж бодсон ч олон бэлтгэл сургалтын дараа буудуулдаг юм билээ.

                                                  Цэргийн нөхөрлөл гэж юу вэ?

Дэд түрүүч М.Анандцэгц: Маш нандин зүйл. Хүмүүс бид амьдралыг хэт өргөнөөр харж, түүнээсээ шалтгаалаад аз жаргалыг ч холоос эрдэг. Гэтэл энгийн зүйлээс буюу нөхөрлөлөөс аз жаргалыг мэдэрч болдгийг цэрэгт ирээд мэдэрч байна. Хамтдаа инээж, хамтдаа баярлаж, хамтдаа зүтгэх хэчнээн гоё гээч.

Байлдагч Х.Бат-Эрдэнэ: Нэг тушаалаар, зэрэг командаар ижилхэн дүрэмт хувцастай, адилхан үүрэг даалгавартай, дуулах дуу нь ч адилхан, идэх хоол нь ч ижилхэн байхаар нэгэндээ дэндүү дасдаг юм байна. Хэн нэг нь давуу эрхгүйгээр яг л ижил түвшинд байхаар илүү амь нэгтэй, дотно нөхөрлөдөг бололтой юм. Би онжавуудыгаа миний гэр бүл гэж хэлмээр байна.

                                                   Эх орон гэж таны бодлоор?

Дэд түрүүч М.Анандцэгц: Их түгээмэл асуулт байна. Миний хувьд мэдээж тусгаар тогтнол, үндэс угсаа гэж хариулна.

Байлдагч Х.Бат-Эрдэнэ: Эх орон бол миний аав гэж хэлнэ. Хүмүүс яагаад гэж магадгүй. Хилийн чанадад очиход Хадбаатарын Бат-Эрдэнэ гэхээс илүү Монгол Улсын Бат-Эрдэнэ гэж хэлнэ шүү дээ. Даян дэлхийд энхийг сахиулж байгаа дайчид маань ч өнөөдөр Монгол Улсын энхийг сахиулагч гэж хэмээн алдаршиж байгаа нь энэ юм шүү дээ.

                                                  Үеийнхээ залууст юу гэж уриалмаар байна?

Дэд түрүүч М.Анандцэгц: Мянга сонсохоор нэг үз гэж л хэлье. Цэргийн албыг гаднаас харах, дотор нь байх хоёр асар их ялгаатай шүү.

Байлдагч Х.Бат-Эрдэнэ: Миний бодлоор залуусыг Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлэхэд ухуулга, сурталчилгаагаа илүү сайн хийгээсэй гэж боддог. Цэргийн алба сайхан шүү гэж амаар мянга яриад итгэх, итгэхгүй залуус байна. Түүний оронд цэргийн алба өөрт нь ямар том нөлөө үзүүлдэг, хаасан залуус ямар амжилттай яваа вэ гээд нийгэм рүү хандсан таниулгыг илүү сайн хийгээсэй. Сошиал орчныг ашиглаж, цэргийнхэн бүгдээрээ албаараа бахархаж, сайхан уриалгуудыг тарааж байх хэрэгтэй. Цэрэг зэрэг гэдэг үгнээс гаралтай учир цэргийн албаны уриалга, сурталчилгааг хэвлэлийн ажилтнууд нь л биш цөмөөрөө нийгэмд тарааж байгаасай гэж хүсч байна.

Эрхэм хугацаат албаны дайчдад нээлттэй ярилцсанд баярлалаа.

Ахмад Л.Саранзаяа (Зэвсэгт хүчний 311 дүгээр анги)


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх